Дэлхийн зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн, Хятад, Энэтхэг зэрэг эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн, биоэтонол гаргаж авахын тулд үр тариаг их хэмжээгээр ашигласан зэрэг хүчин зүйл Орос улсад зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан Орос улсын засгийн газар хүнсний үндсэн бүтээгдэхүүнийг тогтоон барихын тулд цогц арга хэмжээ авч байна. Дотоодын зах зээлд эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндсэн зорилт тавьсан. Орос улс сүү, сүүн бүтээгдэхүүн, махыг их хэмжээгээр импортолдогийг энд сануульяа. Одоо сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулахаар зэхэж байна. Хоёрдугаарт дотоод нөөцөө бүрэн ашиглах. Өөрөөр хэлбэл сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд гаргах юм. Албан ёсны статистик тоо баримтаас үзэхэд Орос улсын хөдөө тосгоны 2 сая 300 мянган өрх сүү, сүүн бүтээгдэхүүнээ байнга зах зээлд нийлүүлдэг байна. Тэд бүгд томоохон хотуудын зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлж чаддаггүй юм. Дотоодын сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дээрх зах зээлээс гадна худалдааны томоохон сүлжээнд нийлүүлэх шаардлагатай байна. Эх орны мал аж ахуйг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн захирал Александр Петриков үзэж байна. Тэр хэлэхдээ: «Шувууны махны зах зээл бол сонгодог жишээ юм. Энэ зах зээлийн сүүлийн 3-4 жилийн хандлагаас үүдэн импортын бүтээгдэхүүнийг орлуулах асуудлыг бодитоор тавих шаардлагатай болоод байна. Манайд махны чиглэлийн мал аж ахуй, мах боловсруулах мэргэшсэн салбар байхгүй учраас үхрийн махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бэрхшээлтэй байна. Элдэв хольцгүй байгалийн сүүний эрэлт нэмэгдэж байгааг харгалзавал сүүний үйлдвэрлэлийн хэтийн төлөв мөн иймэрхүү байгаа юм. Одоогийн байдлаар сүүний импорт 17 хувьтай байна. Хөдөө аж ахуйн үндэсний төслийн хүрээнд сүүний томоохон ферм барих, хувийн аж ахуй болон хөдөө аж ахуйн хэрэглэгчийн хоршооноос сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авахыг нэмэгдүүлэх зэрэг ахиц энэ салбарт гарч байна гэлээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн шинжээчийн удирдах газрын тэргүүн Аркадий Дворкович үнийг хиймлээр зохицуулах захиргааны арга хэмжээ үр дүнтэй болохгүй гэж үзэж байна. Үнийн өсөлтийг тогтоон барихад зах зээлийн хэрэгсэл ашиглах хэрэгтэй гэж тэр үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>