Foto http://www.altaiskiikr.ruАлтайн улсын их сургууль монголын талтай хамтран ажиллаад олон жил болж байна. Алтайн улсын их сургуульд саяхан “Алтайн саяны уулархаг нутаг болон нүүдэлчид энэ нутгийг эзэмшсэн түүх” сэдэвт бага хурал боллоо. Түүхийн ухааны доктор Алексей Тишкин энэ арга хэмжээний талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ.
Алексей Тишкин: «Энэ бага хурлыг Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Орос улсын ардын сангаас олгосон санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний ажлын ректорын туслах, хууль зүй ухааны доктор Валерий Невинский төслийн удирдагчаар ажиллажээ. Бага хурлыг Ховдын их сургуультай хамтран зохион байгуулсан юм. Алтайн Их сургууль болон Ховдын их сургууль энэ жил хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал саяхан болсон бага хурлын сэдвийг зарим талаар хөндсөн, мөн хээрийн, археологийн малтлагаа, Монголын нутаг дэвсгэрийг судлах зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Алтайн их сургуулийн ректор Юрий Кирюшины ахалсан төлөөлөгчид өнгөрсөн жил Монголд айлчилсны дүнд ийнхүү хамтран ажиллаж байна».
Асуулт: Бага хурал хэрхэн болж өнгөрөв?
Алексей Тишкин: «Бага хуралд 90 орчим хүн оролцсон. Санкт-Петербургээс олон хүний бүрэлдэхүүнтэй судлаачид ирсэн. Нева мөрний эрэг дээр оршдог хотын боловсрол болон эрдэм шинжилгээний байгууллагатай идэвхтэй холбоо тогтоосны үр дүн энэ билээ. Бага хуралд тухайлбал Эрмитаж, Материалын соёлын хүрээлэн, Угсаатны зүй болон хүн судлалын музей, Орос улсын угсаатны зүйн музейн ажилтнууд оролцсон. Монголын төлөөлөгчдөөс гадна Москва, Кемерова, Екатенбург, Новокузнецк, Новосибирск, Кызыл, Томск, Орос улсын бусад хот, ойрын гадаад орны мэргэжилтнүүд энэ бага хуралд оролцсон. Европ, төв Азид өөр хоорондоо алс зайтай оршдог ч, ижил төстэй янз бүрийн мегалит байгууламжийг судлах хөтөлбөрийг бага хурлын үеэр хэлэлцсэн. Хамтын хүчээр энэ төслийг хэрэгжүүлснээр олон ард түмний этногенез, харилцан үйлчлэлийн явц, цагаачлал, ертөнцийг үзэх үзлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой».
Асуулт:Археологичдоос гадна бага хуралд өөр ямар хүмүүс оролцсон бэ?
Алексей Тишкин: «Бага хуралд түүхч, газар зүй судлаачид оролцсон. Алтайн саяны уулархаг нутгийг нүүдэлчид эзэмшсэн түүхийн талаар эрдэмтэд хэд хэдэн илтгэл тавьсан. Янз бүрийн ард түмний материаллаг болон оюуны соёлын талаар бас илтгэл тавьсан байгаа. Байгалийн шинжлэх ухааны арга хэрэгслийг археологийн судалгаанд ашиглах тухай илтгэл урьдын адил асар их сонирхол татаж байв. Үүнээс гадна бага хурлын үеэр “Евразийн эртний болон дундад зууны үеийн ард түмний чулуун соёл болон гүехэн давхарга” сэдэвт эрдэм шинжилгээний семинарыг балар цагийн урлаг судлалын Сибирийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ойд зориулж зохион байгуулсан. Бид хоёр эмхтгэл гаргасан. Нэг нь бага хурлын материалын талаар, нөгөө нь семинарын тухай байгаа. Хээрийн семинарыг ч зохион байгуулсан».
Асуулт: Бага хуралд оролцогчдод соёлын ямар хөтөлбөр санал болгосон бэ?
Алексей Тишкин: “Бирюзовая Катунь” аялал жуулчлалын цогцолборт “Дэлхийн уулзар” археологийн цэцэрлэгт хүрээлэнгээр томоохон аялал зохион байгуулсан. Дараа нь Уулын Алтайн археологийн сонирхолтой объектыг өдөржин сонирхосон. Зочид их сэтгэл хангалуун байсан. Аялал, жуулчлалын бизнест археологийн болон угсаатны зүйн мэдээллийг нэвтрүүлэх нь хэтийн төлөвтэй байгааг харуулж байна. Бага хурал сайхан болж өнгөрсөн. Дашрамд бага хуралд оролцогчид болон түүнийг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бүх байгууллага, хүмүүст ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>