ОХУ-ын ерөнхийлөгч дэлхийн улс төрийн чухал асуудалд олон улсын уншигч, сонсогчдын анхаарлыг хандуулж байна. Оросын улс төрийн амьдралын гол үйл явдал болох ерөнхийлөгч Владимир Путины пүрэв гаригт ард иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярисныг гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шинжээчид ийнхүү тайлбарлаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч 3 цаг гаруй хилийн чанадад, мөн гэртээ байгаа Оросын иргэдийн утас, захиа, видео камераар тавьсан асуултанд хариуллаа гэж Москвагаас мэдээлсэн бүх нийтлэлд тэмдэглэжээ. Владимир Путины нэр хүнд Оросын ард иргэдийн дунд өндөр байна гэж Америкийн телевизийн Си-Эн-Эн компани тэмдэглэв. Владимир Путин төрийн тэргүүн болсноос хойш улс орны байдал тогтворжиж, цэцэглэн хөгжиж байгаад оросын ард түмэн түүнд талархаж байна. Энэ бүхэн шууд нэвтрүүлгээс харагдаж байгаа юм. Ерөнхийлөгч шууд нэвтрүүлгийг ашиглан ард иргэдийн хэрэгцээ шаардлагад шууд хариу өгч буй удирдагч болохоо харуулахыг эрмэлзэж байна. Үүнтэй холбогдуулан телевизийн “Блумберг” суваг, “Улс оронд банкны хямрал, өндөр инфляцийг хөөрөгддөг рублийн өртөг өөрчлөгдөхгүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд анхаарал хандуулжээ. Владимир Путин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад цаашдын төлөвлөгөөний талаар ярих эсэхийг тэд анхааралтай ажигласан байна. Ерөнхий сайд болохыг үгүйсгэхгүй байгаагаа тэрээр саяхан мэдэгдсэн юм. Кремльд 2008 онд өөр хүн байна гэж тэрээр оросын ард түмэнд хэлжээ. Телевизийн “Би-Би-Си” компани ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-ын Иракийн талаар баримталж байгаа бодлогыг эрс шүүмжилсэн гэж тэмдэглэсэн байна. Америкчүүд нефтийн асар их нөөцийг эзэмшихийн тулд Иракт халдсан гэж Владимир Путин бараг хэлсэн юм. Америкчүүд одоо гадаадын бүх цэргийг Иракаас гаргах хугацааг хэлэх цорын ганц зам үлдээд байна. Орос улсын улс төр судлаач Глеб Павловский ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлснийг өдөөн хатгалгын шинжтэй гэж үзэхгүй байна. Тэр тэмдэглэхдээ: «Тэртээ тэргүй хүнд байгаа байдлыг улам хурцатгахгүйн тулд ерөнхийлөгчийн олон улсын тулгамдсан асуудлаар маш зөөлөн хариулт өгсөн. АНУ-ын тодорхой алхамаас олон улсын байдал доройтсон. Иранаас болж дэлхийн хямрал үүсч магадгүй тухай ерөнхийлөгч Жорж Буш саяхан урьд хийж байгаагүй мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан оросын ард иргэд дээд ерөнхий командлагчийн хувьд Владимир Путинд улс орны батлан хамгаалахын байдлын талаар асуулт тавих нь зүйн хэрэг» гэж Глеб Павловский хэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямралыг зохицуулахад хориг арга хэмжээ, хүч хэрэглэх бус Тегерантай шууд яриа хэлэлцээ хийх нь илүү үр дүнтэй гэсэн Оросын байр суурьт америкийн “Крисчен сайенс монитор” хэвлэл анхаарал хандуулжээ. Орос улс Тегераны талаар бусад орнуудын эргэлзээг арилгах гэрээг Ирантай байгуулахаар бэлтгэж байгааг тус хэвлэл үгүйсгэсэнгүй. Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах Москвагийн түгшүүрийг АНУ анхааралдаа авахыг зөвшөөрөхгүй бол Орос улс эсрэг арга хэмжээ авах эрхтэй гэж Владимир Путины хэлсэнд өрнөдийн тоймчид илүү их анхаарал хандуулсан байна. Орос улсын тив хоорондын “Тополь” пуужинг амжилттай туршсаныг шууд нэвтрүүлгийн дундуур үзүүлснийг тэд тэмдэглэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>