ОХУ-ын ерөнхийлөгч зургаа дахь удаа иргэдтэйгээ харилцаж байгаа нь энэ юм. Өмнөх тохиолдолд улс орны хөгжлийн үр дүнг танилцуулахаас эхэлж байжээ. Орос улсын амьдралд сүүлийн жил юу өөрчлөгдсөн талаар Владимир Путин энэ удаа дэлгэрэнгүй ярилаа.
Сүүлийн жилүүдэд хийсэн ажлын үр дүн үнэхээр нааштай байна. Энэ жил ч ялгаагүй сайн байх төлөвтэй. Үүгээр ч барахгүй бидний таамаглаж байснаас ч илүү сайн байна. Амжилтын хамгийн чухал үзүүлэлт болох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн өссөн байгаа. Ажлын байрны тоо, төсвийн орлого, мөн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсийг цагт нь тавих, тэдгээрийг нэмэх зэрэг Төрд нийгмийн үүргээ биелүүлэх боломж олгоход энэ үзүүлэлтийн өсөлт чухал ач холбогдолтой юм. Мөн энэ үзүүлэлтийн өсөлтөөс эрүүл мэнд, боловсрол, улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг нийгмийн салбар ихээхэн хамаардаг.
Владимир Путины тэмдэглэснээр энэ жил Дотоодын Нийт Бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 6,2 хувиар өснө гэж таамаглаж байсан бол бодитоор 7,7 хувьтай байжээ. ДНБ-ийн өсөлтийн ихэнх хэсгийг түүхий эдийн үйлдвэрийн салбар, гуравын хоёрыг нь эдийн засгийн бусад салбар тухайлбал барилга, тээвэр, харилцаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт бүрдүүлж байна. Энэ жил үндсэн капиталд оруулсан хөрөнгө 25 хувиар нэмэгдсэн болохыг ерөнхийлөгч тэмдэглэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бүр 2,5 дахин нэмэгджээ.
Улс орны алт валютын нөөц өнгөрсөн жил 424 тэрбум америк долларт хүрч, Орос улсын түүхэнд дээд амжилт тогтоогоод байгаа юм. Үүний зэрэгцээ эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлтөд тулгуурлан байгуулсан Тогтворжуулах сангийн хөрөнгө 3,5 триллион рубль болжээ. Энэ бүхэн хүн амын амьдрал сайжрах нөхцөл болж байна. Тухайлбал өнгөрсөн жил эдийн засгийн янз бүрийн салбарын хөдөлмөрийн хөлс ихээхэн өссөн бөгөөд оны сүүлээр тэтгэврийн хэмжээ 20 гаруй хувиар өснө. Энэ нь инфляцийг тооцсон бодит өсөлт болохыг ерөнхийлөгч онцлов.
Улс орны хүн ам зүйн байдалд нааштай өөрчлөлт гарч байгааг Владимир Путин мөн тэмдэглэлээ. Орос улсад шинээр мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн 15 жилд анх удаа хамгийн өндөр байгаа юм. Үүний зэрэгцээ 1998 оноос хойш хүн амын эндэгдэл ч гэсэн хамгийн бага байгаа тухай төрийн тэргүүн хэллээ. Түүний хэлснээр ажилгүйдлийн түвшин ч их хэмжээгээр буурсан байна. Өөрөөр хэлбэл 600 мянган хүн ажлын байртай болж, амьдралд хөлөө олсныг ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Владимир Путин инфляци, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал гэж нэрлэжээ. Сүүлийн саруудад илэрсэн энэ сөрөг үзэгдэлтэй тэмцэхэд чиглэсэн засгийн газрын арга хэмжээний үр нөлөөг Оросын иргэд оны сүүлээр мэдэрнэ гэж тэрээр найдаж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>