Далай ламыг урт удаан наслахыг ерөөсөн хуралд зориулсан энэ наадамд Халимаг, Буряд, Тува, Монголын хөгжимчид оролцоно. Халимагийн хамба Тэло Тулку Ринпоче Далай ламыг урт удаан наслахыг ерөөсөн хуралд зориулсан “Орос, Монголын буддын шашны соёлын наадамыг” санаачилж, Монгол, Буряд, Тувагийн буддын шашны тэргүүн нар дэмжсэн юм. Энэ наадам Оросын буддын шашинт бүс нутаг дээрхийн гэгээн далай ламын хооронд гүүр болно. Буддын шашны тэргүүн далай лам нар хэдэн зууны турш эдгээр бүс нутгийн хүн амын оюун санааны хөгжлийг чиглүүлж ирсэн билээ. Орос, Монголын буддын соёлын энэ наадам Далай лам зөвхөн төвдийн ард түмний төдийгүй Оросын буддын шашинт ард түмний шашны тэргүүн болохыг дэлхийд харуулна гэж Халимагийн хамба хэлжээ. “Бидний замд ямар ч саад бэрхшээл тохиосон, шашны удирдлага, сургааль, тусламж нь хэрэгтэй байгааг түүнд ил тод мэдэгдэх эрхээсээ бид татгалзахгүй” гэж тэрээр Орос улсын буддын шашинтнуудад хандан хэлжээ. Наадмын үеэр Тэло Тулку хамбын хувийн хүсэлтээр дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотод оросын сүсэгтнүүдэд гүн ухааны сургаал айлдана. Далай лам Япон, Солонгос, Гонконг, Тайвань болон бусад орны сүсэгтнүүдэд буддын шашны гүн ухааны сургаал айлддаг уламжлалтай. Сүсэгтнүүд түүний сургаалийг сонсохоор Дарамсала дахь өргөөнд нь зориуд ирдэг байна. Далай ламын оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр Орос, Төвдийн харилцааны түүхэнд анх удаа Дарамсал хотод ийм сургаал айлдана. Наадмын төгсгөлд буддын шашны тэргүүнийг урт удаан наслахыг ерөөсөн хурал гол сүмд болно. Хурлын үеэр “Дакинь ёслолын бүжиг”, “Орчлон ертөнцийн өргөл” арга хэмжээнд монгол хэлтэй ард түмний шашны номлогч Богд гэгээн, Оросын буддын шашны тэргүүн, төвдийн сүм хийдийн лам нар оролцоно. “Орос, Монголын буддын шашны соёлын наадам” болохын өмнө Халимаг, Буриад, Тува, Москвад томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж, эрчимтэй бэлдсэн юм. Наадамд Халимагийн хамба Тэло Тулку, Монголын бурхан шашны тэргүүн хамба лам Чой Жамц, Тувагийн хамба лам Жампел Лодой, Бурядын буддын шашны холбооны дарга, өөийн бүс нутагт бэлтгэл ажлыг хангах асуудлыг хариуцсан Чойдорж Будаев нар оролцоно.
Бүх бүс нутгаас Дарамсалад ирэх буддын шашинтнууд дээрхийн гэгээн далай ламын гүн ухааны лекцийг сонсож, олон янзын концертыг үзэж сонирхоно. Наадмын үеэр дэлхийн олон орны зочид гийчэд Дарамсалад хүрэлцэн ирнэ. Халимагийн хамбын хэлснээр “Дээрхийн гэгээн далай ламыг урт удаан наслахыг ерөөсөн хуралд” зориулсан энэ наадам нь Орос, Монголын буддын шашны соёлын ер бусын ертөнцийг олж харах цорын ганц боломж гэжээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>