Орос улсад хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд дотоод нөхцөл байдал улам таатай болж байна. ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков Москвад болсон гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаах зөвлөлдөх Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв. Эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байгаа орнуудын дунд Орос улс өнөө үед баттай байр суурь эзлээд байна. Орос улсад орж байгаа хөрөнгө оруулалтын урсгалаас тус улсын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг илтгэж байна. Орос улсад урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд ийм хөрөнгө оруулалтыг татахын тулд засгийн газар таатай уур амьсгалыг бүрдүүлж байгаа юм. Тус улсад орсон гадаадын капиталын өсөлт энэ оны 1-8 дугаар сард өмнөх оныхоос 22 хувиар нэмэгдэж, 130 гаруй тэрбум долларт хүрсэн байна. 2007 оны шууд хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл байна гэж ерөнхий сайд Виктор Зубков ярив. Засгийн газар шинэ салбарт гадаадын хөрөнгө оруулахыг сайшааж байгаа юм. ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Сергей Иванов шинжлэх ухааны салбарт идэвхтэй хөрөнгө оруулахыг уриалжээ. Тэр хэлэхдээ: «Шинжлэх ухаан, бизнесийг хооронд нь маш сайн уялдуулахад дээд зэргийн таатай, ил тод нөхцлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм. Орос улсын эдийн засгийг бүрдүүлж буй шинэ салбарыг илүү хурдацтай хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хууль, төр засгийн хэмжээний стратегийг тус улс сүүлийн жилүүдэд батлаад байна гэлээ. Оросын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татаж, шингээхэд бэлэн байна. Харин засгийн газар гадаадын капиталыг санхүүгийн нэмэлт эх үүсвэр гэж үзэхгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтыг дагаад дотоодын хөрөнгө оруулалтын үйл явцыг идэвхжүүлэх, Орос улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, хөгжилд нааштай нөлөөлөх шинэ технологи орж ирдэг. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гадаадын хөрөнгө оруулагчдын саналыг Орос улсын засгийн газар анхааралдаа авсан гэж Виктор Зубков ярьж байна. Төрийн Думын эхний хэлэлцүүлгээр Орос улсын стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Энэ хууль европын бусад олон орны ижил төстэй хуулийг бодвол илүү либерал болсон байна. Техникийн зохицуулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулж, Орос улсад үйлдвэрлэдэггүй технологийн тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэхэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Гадаадын иргэдийг Орос улсад ажиллахад таатай нөхцөл бүрдүүлэх “ОХУ-ын гадаадын иргэдийн эрхийн байдлын тухай” хуулинд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Гэхдээ засаг захиргааны саад тотгор, хүнд суртал багагүй бий. Тиймээс Орос улсын засгийн газар ойрын үед энэ тоглоомын дүрмийг ойлгомжтой, ил тод болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дахин хүчин чармайлт тавих бодолтой байгаа гэж ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>