ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг шийдэхэд Умард Солонгосын “жор”-ыг ашиглахыг уриалсан байна. Ираны цөмийн хөтөлбөрийг дэлхийн олон орон шүүмжилж байгаа билээ. Өрнөдөд тухайлбал АНУ, мөн европын зарим орон Ираны цөмийн хөтөлбөр нь цэргийн шинжтэй бөгөөд цөмийн зэвсэг бүтээх зорилготой гэж үзэж байгаа юм. Тегеран уран баяжуулахаа зогсоохоос татгалзсан учраас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хоёр ч удаа тус улсын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Иран улс цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой учраас уран баяжуулахаас татгалзсан юм. АНУ, Франц улс тус улсын эсрэг авсан хоригийг улам өргөжүүлэх байр суурьтай байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл холбогдох тогтоолыг батлахгүй бол шинэ багц хоригийг хоёр талын болон бүс нутгийн түвшинд авна хэмээн мэдэгдсэн билээ. Орос, Хятад улс үүний эсрэг байр суурьтай байна. Тэд Ираны эсрэг авсан хоригийг чангалах нь цаг үеээ олоогүй, үр ашиггүй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд Тегерантай улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжиж байна. Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй Ираны асуудлыг хэлэлцсэний дараа Умард Солонгосын асуудлыг шийдсэн арга хэрэгслийг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд ашиглах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. БНАСАУ уран баяжуулаад зогсохгүй, цөмийн төхөөргийг туршисныг энд сануульяа. Олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгосын эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлсний хариуд цөмийн үндсэн гурван объектыг ашиглалтаас гаргаж, цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Пхеньяныг ятгаж чадсан юм. Тухайн үед АНУ Умард Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэхээр заналхийлээгүй юм. Тиймээс Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэх төлөвлөгөө боловсруулахгүй байх гэж Владимир Путин тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Хэн нэгнийг тухайн тохиолдолд Ираны удирдлага, ираны ард түмнийг айлгана гэдэг хэт ирээдүйгүй хэрэг. Тэд айж мэгдэхгүй гэдэгт итгээрэй. Харин тэвчээртэй байж, мухардлаас гарах гарц хайх боломжтой төдийгүй шаардлагатай юм. Ираны ард түмэн, тус улсын удирдлагатай яриа хэлэлцээ хийхгүйгээр мухардлаас гарах боломжтой гэж үү? Яриа хэлэлцээнээс өөр арга байхгүй бөгөөд байсан ч нааштай шийдэлд хүрэх магадлал бага юм. Шууд яриа хэлэлцээг дэмжих боломж бидэнд байгаа бол нааштай хамтын ажиллагаанд тулгуурлан энэ бүхнийг хийнэ гэж Орос улсын төрийн тэргүүн дүгнэн хэлэв. Каспийн тэнгис орчмын орнуудын дээд хэмжээний уулзалт болсон Тегеранд байх үедээ Владимир Путин өөрийн байр сууриа ираны удирдлагад танилцуулав. Иран улс цөмийн хөтөлбөр, түүнийг ил тод болгоход олон улсын хамтын нийгэмлэгийн түгшүүрийг арилгах сонирхолтой байгаа билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>