Иракийг угсаатан, шашны байдлаар нь хэд хэдэн бүс болгох саналыг АНУ-ын сенат саяхан сайшаасан билээ. Шинжээч Сергей Томин энэ саналын талаар ярьж байна:
Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны дарга Жозеф Байдены бэлтгэсэн төлөвлөгөөгөөр Иракт нутаг дэвсгэрийн гурван засаг захиргаа байгуулах юм. Тухайлбал нутгийн хойд хэсэг курд, урд хэсэг лалын шашинт шиитүүд, лалын шашинтан суннитууд төв хэсэгт байх юм. Холбооны төв одоогийн нийслэл Багдадад хэвээр байна. Иракт өнөөгийн байдлаар газар аваад байгаа шашин, угсаатны хүчирхийллийг төрийн ийм бүтэц эцэс болгоно гэж сенатын гишүүд үзэж байна.
Иракийг засаг захиргааны гурван хэсэгт хувааснаар тус улсын үндсэн хүн амыг тэгш бус байдалтай болгоно. Нутаг дэвсгэрийг ийнхүү хуваах нь курдүүдэд хамгийн ашигтай. 3,5 сая курд үндэстэн оршин суудаг нутгийн хойд хэсэгт Иракийн нефтийн нөөцийн ихэнх хэсэг нь төвлөрдөг юм. Нутгийн хойд хэсгээс олборлож буй нефтийг хөрш Сири, Турк улс худалдан авдаг байна. Курдистан Саддам Хусейны дэглэмийн үед бараг автономит эрхтэй болсон юм. Иракийн курдууд дотоод асуудлаа бие дааж шийдвэрлэхийн зэрэгцээ өнөө үед гадаад бодлогын тавцанд ямарваа алхам хийхдээ Багдадын шийдвэрийг үл харгалзаж байна.
Иракийн шиитүүдэд ч ялгаагүй багагүй ашигтай байгаа юм. Тэд ч гэсэн нефтийн нөөцөөс хүртсэн. Харин нутгийн өмнөд хэсэг байлдааны ажиллагааны бүс хэвээр байна. Хэт даврах үзэлтэй хэдэн арван бүлэглэл засгийн газрын болон эвслийн цэргийн эсрэг, мөн өөр хоорондоо дайтаж байна. Шиитүүд хэтдээ Багдадаас бүрэн тусгаарлахын тулд “Байдены төлөвлөгөөг” ашиглаж магадгүй юм.
Холбооны улсуудыг өргөжүүлэх санаа суннитуудэд төдийлөн таалагдахгүй байгаа юм. Тэдэнд нефтийн нөөцгүй нутгийн төв хэсэг ногдож байгаа. Багдад төвөгтэй байдалд ороод зогсохгүй, суннитүүд далайд гарцгүй болж, нефть тээвэрлэдэг замд хяналт тавих эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд бүс нутгийн эдийн засгийн амьдралаас бүр мөсөн хасагдана.
Шинэ ардчилсан Ирак байгуулах төсөл ямар учраас сүйрч байна вэ? Америк маягийн холбооны улс байгуулах гэдэг хуурмаг ардчилсан Ирак улс болох юм. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл курдын мужууд хуваагдана. Энэ мужууд хуулийн дагуу биш ч, хэрэг дээрээ хуваагдах бөгөөд, Турк, Иранд хэт даврах үзэл эрс нэмэгдэж, Сирид курдын давалгаа нэмэгдэнэ.
Ирак задран унавал Ойрх Дорнодын хилийг өргөн хүрээнд шинэчлэн тогтоох хэрэг гарна. Загалмайтны аян дайны үеээс хойш байгаагүй тийм их цус урсгасан дайн энэ бүс нутагт болно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>