Foto http://www.hubsugul.ruАдал явдлаар дүүрэн амрах сонирхолтой хүмүүст хэд хоногийн өмнө Мөнх Сарьдагийн бэлд орших Хөвсгөл нуурын хойд хэсгийн эрэг дээр ер бусын аялалд оролцох боломж гарсан юм. “Байгалийн нүүдэлчид” гэр бүлийн саяхан байгуулагдсан Эрхүү хотын эрдэнэсийн эрэлчидтэй хамтран түүхэн-адал явдалт тоглоомыг саяхан зохион байгуулсан юм. Манай сурвалжлагч Ольга Иванова төслийн удирдагч Елена Веселовоос аялалын талаар ярихыг хүссэн юм.
Елена Веселова: «Аялалын энэ тоглоом маш сайхан болж өнгөрсөн. Өнгөрсөн зууны 20-иод онд энэ газар болсон түүхэн үйл явдлыг харгалзан тоглоомын агуулгыг боловсруулсан. Монголыг хятадын дарангуйллаас чөлөөлсөн цагаантнуудын хөдөлгөөний удирдагчдын нэг барон Унгерныг Монголд Цагаан хаан гэж нэрлэдэг. Эрхүү хотоос ухарч, барон Унгерний армитай нэгдэхээр явсан хурандаа Казаграндийн анги тухайн үед Косогол гэж нэрлэж байсан Хөвсгөл нуурын хойд хэсгийг дайран өнгөрсөн юм. Тоглоомын агуулгаар хурандаа Ханх голын гармыг гатлахдаа шинелийн товчоо хаяж, дараа нь нэг мориныхоо тахыг хаяж партизануудтай буудалцдаг байна. Тоглоомонд Казагранди хурандаагийн отрядын дайчид болж оролцож байгаа хүмүүс морьтой гол гатлан тал газар металл илрүүлэгчээр товч, тах, бортого, хонгио зэргийг эрж хайсан байна. Аялалын маршрутын эцсийн цэг болох Хөвсгөл нуурыг хөвөөлөн орших навчит ойд тоглоомонд оролцогчид Казаграндын отрядын шөнө хоносон газраа яаран орхихдоо хаяж гээгдүүлсэн эмэгтэй хүний ээмэг, авдрын түлхүүр, бутархай мөнгө, адууны тоног хэрэгсэл зэрэг хуучны маш олон эд хэрэгслийг хайсан байна. Эцэст нь хамгийн гол шагнал металл савтай Николай хааны үеийн атга задгай мөнгө байсан юм. Тоглоомонд оролцогчдын ашиглаж байсан металл хайгчдыг дараа нь тэдэнд бэлэг болгон өгсөн байна гэлээ
Асуулт: «Тоглоомонд хэдэн хүн оролцсон бэ, тэд аялалын хатуу ширүүнийг хэрхэн даван туулав?
Елена Веселова: “Газар зүйн янз бүрийн байршилд аялалын эхний үе үргэлжилсэн. Москва, Братск, Өвөр байгалийн зочид Хөвсгөлд ирсэн. Хэдийгээр аялагчид эмээл дээр удаан сууж сураагүй, Монголын талд зүг чигээ муухан баримжаалж байсан ч, тэд хэдэн км замыг туулж, аялалыг зохион байгуулагчдын нуусан бүх эд хэрэгслийг төдийгүй бөөгийн шашны унжлага олсон. Нутгийн онгод сахиусын уур хилэнг бадраахгүйн тулд унжлагыг байсан газарт нь тавьсан. Энэ газар эрж хайх зүйл бий гэсэн аялалыг зохион байгуулагчдын таамаглалыг үүгээр нотолж байна. Эрхүү хотын эрдэнэсийн эрэлчдийн баг тоглоомын гол шагналыг хүртсэн юм. Эрхүү хотын бизнес эрхлэгч, “Мөнгөн эрэг” аялал жуулчлалын цогцолборын захирал Михаил Донский хэдэн сарын өмнө эрдэнэсийн эрэлчдийн дунд ийм тэмцээн зохион байгуулах санаа сэдсэн юм. Тэрээр Хөвсгөлд 3 жил ажиллаж, амьдрахдаа энэ газраас багагүй эрдэнэс олдож байсныг мэджээ. Молодко гэгч нутгийн худалдаачин 1920-1930-аад онд хөрөнгө зоорио энд нуусан гэх яриа байдаг байна. Хөрөнгө зоорийг хаана нуусныг мэдэх хүн үлдээгүй. Худалдаачин Молодко амь гарахын тулд зугтаж, тэндхийн дацангийн лам нарыг Хөвсгөл нуурын мөс гатлан нутгийн урд хэсэгт аваачин буудан хороосон ажээ. “Байгалийн хуш” компани “Цагаан хааны аян дайны мөрөөр” тоглоомын эхний үеийг ивээн тэтгэсэн байна. Тус компани нутгийн овоо тахилгад өргөх, мөн сэтгэл санааны болон биеийн ачааллыг тайлах Эрхүү хотын цагаан архийг аялалд оролцогчдод өгчээ. Хөвсгөлд 3 хоног байх хугацаанд цас хаялж байснаа 10 дугаар сарын дулаан уур амьсгалаар солигдсон нь “Байгалийн хуш” компанийн бүтээгдэхүүн нутгийн онгод сахиуст таалагдсан бололтой. Тоглоомыг зохион байгуулахад цаг агаар маш таатай байсан. Тоглоомыг цаашид үргэлжлүүлнэ гэсэн үг».
Асуулт: Та цаашид юу хийхээр төлөвлөж байгаагаа ярихгүй юу?
Елена Веселова: «Хөвсгөлийн хойд хэсэгт ойрын жил түүхэн-адал явдалт хэд хэдэн тоглоом тухайлбал Мөнх Сарьдаг уулын оргилд гарахаар төлөвлөж байна. Ирэх зургаадугаар сард болох тоглоомын хоёр дахь шатанд Эрхүү хотын эрдэнэсийн эрэлчдийн клуб бусад хотод байгаа анд найз нараа урих бодолтой байна. Зохион байгуулагчид энэ тоглоомыг цаашид олон улсын хэмжээнд зохиох бодолтой байгаа ч, хилийн дамжин өнгөрөх Монд-Ханх цэг олон улсын статусгүй учраас ийм боломж одоохондоо байхгүй юм. Бид Азийн орнуудаар тухайлбал Монголын нутагт янз бүрийн аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ эд шидийн нутаг жуулчдыг их татдаг. Өвөл тухайлбал хоёрдугаар сард жуулчдад мөс цоолж загас барих боломж бүрдүүлнэ гэж Елена Веселова хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>