Британийн стратегийн судалгааны олон улсын хүрээлэн хэмээх улс төрийн тавцанд нэртэй байгууллагаас саяхан нийтлүүлсэн илтгэлд ийнхүү дүгнэжээ. Одоо АНУ-ын нэр хүнд, нөлөө таван жилийн өмнөх түвшиндээ хүрэхгүй байна гэж тус хүрээлэнгийн захирал профессор Жон Чипмэн мэдэгдлээ. Америкийн цэргийн номлол цаасан дээр л зонхилох мэт харагдаж, энэ нь Вашингтонд зорьсондоо хүрэхэд нь тус эс болж, хэрэг дээрээ стратегийн түвшинд бүр мөсөн ялагдаад байна гэж илтгэлд дүгнэжээ.
- Британийн эрдэмтдийг алагчилж, улс төрийн талаар худалдагдсан гэж сэжиглэх аргагүй. Энэ хүрээлэн их нэр хүндтэй. Илтгэл зохиогчид нөхцөл байдлыг шинжлээд, бодит үнэлгээ өгчээ. «ПБЮ» хэмээх судалгааны нэрд гарсан төвийн Америк нөхөд нь ч тэднээс өмнө мөн ийм дүгнэлт хийж, Америкт дэлхийнхэн итгэх явдал ихээхэн буурсан гэж үзэж, Вашингтоныхоны улс төрийн бодлогодоо удирдлага болгодог зүйлст эргэлзсэн байна. Америкийн нийслэлийн улс төрийн бүлгийнхэн ч илэрхий баримтыг үгүйсгэж чадахгүй байна. Дэлхийд америкийн эсрэг санаа бодол ихээхэн нэмэгдэж байгаа нь АНУ-ын үндэсний эрх ашигт заналхийлэв гэж конгрессын хяналтын ерөнхий газар дүгнэжээ.
Хууль ёсыг зөрчин Иракт халдсан нь Америк Улсын олон улсын нэр түрийг айхтар муутгав. Гэхдээ цэргийн хувьд ялагдаж байгаа нь дэлхийд америкийн эсрэг санаа сэтгэл нэмэгдэх шалтгаан болоод зогсоогүй. Гол нь Вашингтоныхон дэлхийн цорын ганц хэт их гүрний үүрэг гүйцэтгэхийг санаархаж байгаа төдийгүй, гүйцэтгэхийг оролдож байгаад оршино.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс ихэнх нь эсэргүүцсээр байтал Ирак руу халдсан билээ. Тийм түрэмгийлэл сүйрлийн уршигтайг Жорж Бушт Москва, Парис, Бонныхон анхааруулж байлаа. Гэтэл Вашингтоныхон НҮБ-ын ар хударгаар ажиллахыг илүүтэйд бодсон. Бусдын санаа бодолд тийнхүү дээрэнгүй, ул тоосон байдлаар хандсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийг эгдүүцүүлж, дэлхийд америкийн эсрэг санаа сэтгэл тархахад хүргэжээ.
Америк маягийн ардчиллын загварыг төрийн байгуулалтын хамгийн шилдэг, цорын ганц байж болох систем хэмээн бусад орон, ард түмэнд тухайлбал хүчээр тулган хүлээлгэх бодлого ч бас америкийн эсрэг үзэл газар сайгүй нэмэгдэхийн чухал шалтгаан болжээ.
Америк маягийн ардчиллыг шүтэгчдийн явцуу, өөртөө хэт итгэлтэй байгаа тухайд бол харамсалтай биш гэхэд инээдтэй хэрэг юм. Өнөөдөр ардчиллын талаар Вашингтоны зааж сургаж байгаа Хятад Улсад мянган жилийн соёл иргэншил тогтнож байх үед АНУ-ын одоогийн нутагт бизон үхэр л бэлчиж байсан. Бас мянган жилийн түүхтэй Энэтхэгийн соёл, арабын соёл иргэншил, Латин Америкийн түүхийн тухайд ч ийм зүйл ярьж болно. Дэлхийд ардчиллын хичээл заах гэдэг вашингтоны сул сурлагатнууд эртний их Новгородын ардчилсан бутцийн талаар бас огт уншиж, дуулаагүй нь байдлаас илэрхий. Вашингтоны өнөөгийн эрх баригчид жинхэнэ ардчиллын тал барьж, номлогчдын үүрэг гүйцэтгэхийг оролдож, өөрсдийнх нь үгийг зөвшөөрөөгүй бүх хүнийг бараг л түүдэг гал дээр шатаах хэрэгтэй тэрслуу номтон хэмээн зарлаж, өөрсдийгөө ихэнх орон, ард түмний өөдөөс сөргүүлэн тавилаа. Ийм нөхцөлд «дэлхийд америкийн эсрэг санаа сэтгэл нэмэгдэж байна» гэж америкийн конгрессын гишүүд гомдоллох нь хэр үнэд хүрэх вэ?
Дэлхийн цорын ганц хэт их гүрний үүрэг гүйцэтгэх гэсэн бүтэшгүй санаархал, үндэсний амиа хичээсэн үзэл, зөвхөн өөрийн ашиг сонирхлоо л хангуулах гэсэн санаархал дэлхийд америкийн эсрэг үзэл нэмэгдэхэд хүргэлээ. Гэвч Вашингтоныхон энэ талаар ердөө л санаа алдахаас цаашгүй байж, америкийн нийгэм, засаг төрийн мэдлийг тэд итгэн хүлээлгэсэн тэр хүмүүс бий болсон нөхцөл байдлаас зохих дүгнэлт хийж чадахгүй бол Америк Улсын хувьд тун удахгүй туйлын ноцтой асуудал тулгарч таарч мэднэ.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>