Тоот технологи нэвтрүүлснээр радио нэвтрүүлгийн шинэ эринг нээж байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Армен Оганесян DRM тоот радиогийн талаарх олон улсын симпозиумд үг хэлэхдээ тэмдэглэсэн юм. DRM консорциум, “Орос улсын теле радио сүлжээ” зэрэг байгууллагын оролцоотойгоор “Оросын дуу хоолой” радио станц “Германы долгион” радиотой хамтран энэ форумыг зохион байгуулж байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд өнөө үед тоот радио нэвтрүүлэгт асар их анхаарал хандуулж байна. Орос улс дэлхийн хандлагаас хоцроогүй. “Оросын дуу хоолой” радио 2003 оноос DRM форматаар нэвтрүүлгээ Европын орнуудад өдөр бүр цацаж байна. Манай нэвтрүүлгийг өдөрт 10 цагаар орос, англи, герман, франц зэрэг 4 хэлээр сонсох боломжтой. Үүнээс гадна бид DRM хэлбэрээр өдөрт 6 цагаар Хятадын нутагт нэвтрүүлгээ цацаж байна. Москвад болж байгаа энэ форумд ТУХН-ийн улсууд, Энэтхэг, Ватикан, Швейцари, Франц, Их Британи, Герман зэрэг орны шинжлэх ухаан, бизнес, томоохон радиогийн төлөөлөгчид анх удаа оролцож байна. Тэд дэлхийн DRM хэлбэрийн тоот радио нэвтрүүлгийн ирээдүйг хэлэлцэж байгаа юм. Технологи, эрхийн, эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцэж байна. DRM тоот стандарт нь дэлхий даяар богино, дунд, урт долгионд ажилладаг радио нэвтрүүлгийн цорын ганц нээлттэй систем учраас “Оросын дуу хоолой” радио энэ стандартад шилжихийг асар их сонирхож байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Армен Оганесян хэллээ. Тэр хэлэхдээ: «Олон сая сонсогчдод үйлчлэх нь манай радиогийн гол зорилт. Тоот технологи нь сонсогчидтойгоо харилцах шинэ боломж олгоно. Олон улсын радио нэвтрүүлэг сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг тэмдэглэмээр байна. Дэлхий даяар хүн амын цагаачлал, хүн амын шилжих хөдөлгөөн ер бусын эрчимтэй явагдаж байна. Хүмүүс хаана ч байсан бие биетэйгээ харилцахыг хүсдэг. Олон улсын радио нэвтрүүлгийн гол зорилго нь хүмүүсийн хооронд харилцаа тогтооход оршиж байдна. Тоот радио нэвтрүүлгийн олон улсын симпозиум энэ үйл явцад шинэ боломж нээж байгаад би баяртай байна гэлээ.Радио нэвтрүүлэгт тоот технологи нэвтрүүлснээр технологийн шинэ эрин нээгээд зогсохгүй уран бүтээл туурвихад шинэ түлхэц болж байна. Томоохон хөрөнгө оруулагчид тоот радиод хөрөнгө оруулна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Сонсогчидтой шууд интерактив харилцахад шинэ технологи ер бусын нөхцөл бүрдүүлж байгаа юм. Дуугаралтын чанар нь компакт дисктэй дүйцэх тоот радио нь дэлхийн аль ч өнцөгт ямар ч үед текст, график хэлбэрээр нэвтрүүлгээ хүргэх давуу талтай.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>