Foto http://www.astro-ezoterics.ruУлаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд монгол-оросын найрамдлын сарын ажиллагаа өнөөдөр албан ёсоор нээгдлээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсын нийслэлээс мэдээлж байна: «Монгол-оросын найрамдлын сарын ажиллагаа 10 дугаар сард болдог уламжлалтай. Энэ удаа 47 дахь сарын ажиллагаа болж байна. “Монгол-Оросын” найрамдлын нийгэмлэг, Оросын шинжлэх ухаан, соёлын төв уламжлал ёсоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Сарын ажиллагааны албан ёсны нээлтэд албаны хүмүүсээс гадна монголын ахмад дайчид, монгол-оросын найрамдлын нийгэмлэгийн идэвхтнүүд, Орос улсын төрийн болон арилжааны байгууллагын төлөөлөгчид, нийслэлийн оюутан, сурагчид оролцлоо. Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Александрович Говориныг нээлтэд оролцогчид халуун дотно хүлээж авлаа. Энэ удаагийн сарын ажиллагаа онцгой өнгө төрхтэй болохыг тэр тэмдэглэлээ. Тухайлбал “Монгол-Оросын” найрамдлын нийгэмлэг энэ оны тавдугаар сард 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Тус нийгэмлэгийн идэвхтнүүд энэ хугацаанд ЗХУ болон БНМАУ, мөн Орос болон Монгол улсын найрамдлыг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэж ОХУ-ын элчин сайд тэмдэглэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оныг “Орост болон дэлхийд орос хэлний жил болгон зарласан” энэ үед сарын ажиллагаа зохиогдож байгаагаараа онцлог юм гэж элчин сайд цохон тэмдэглэв. Орос хэлний жилд Монгол Улсын иргэд хамгийн идэвхтэй оролцсоныг элчин сайд Борис Говорин тэмдэглэлээ. Энэ аяны хүрээнд Орос дууны наадам, орос хэлний тэмцээн, уралдаан зохион байгуулсан байна. Сарын ажиллагааны нээлтийн ёслолд орос-монголын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Цогзолмаа үг хэллээ.Монгол-оросын найрамдлын 47 дахь удаагийн сарын ажиллагаа 11 дүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ. Улсын зорилтот хөтөлбөр орос хэлний жилийн хүрээнд Эрхүү мужийн “Родники Сибири”, “Каравай” зэрэг хамтлагийн тоглолт, оросын киноны өдрүүд, орос номны үзэсгэлэн яармаг зэрэг Улаанбатаарт болох арга хэмжээнд Монгол Улсын иргэд оролцох боломжтой. Монголын шинжлэх ухаан, соёлын төвд 10 дугаар сарын 25-нд Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ болно. Энэ арга хэмжээнд Москва хотын захиргааны төлөөлөгчид, Москва хотын урлагийн мастерууд оролцоно. Улаанбаатар хотынхон, мөн бусад аймгийн иргэд сарын ажиллагааны хүрээнд болох олон арга хэмжээнд оролцох боломжтой гэлээ. “Оросын дуу хоолой” радио компани, Монгол анд нарын оросын нийгэмлэг, “Новости Монголии” сонинтой хамтран явуулсан “Орос хэл Монголд” уралдаанд түрүүлсэн хүмүүст өнөөдөр үдээс хойш Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд шагнал гардууллаа.“Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн дарга Алексей Сюннерберг болон тус редакцийн сурвалжлагч Ольга Павлович нар энэ шагналыг гардуулахаар Москвагаас зорьж ирсэн юм. Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд Борис Говорин тус уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардууллаа.»

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>