Ирээдүйн радио нэвтрүүлэг тоот радиод хамаарна. Москва хотод 10 дугаар сарын 9-12-нд болж байгаа DRM стандарт бүхий тоот радио нэвтрүүлгийн талаарх олон улсын анхдугаар симпозиумын гол санаа ийм байна. “Оросын дуу хоолой” радио “Германы долгион” радио станцтай хамтран энэ форумыг зохион байгуулж байна. Москва хотод болж байгаа симпозиумд дэлхийн томоохон радио компанийн төлөөлөгчид, Герман, Их Британи, Франц, Швейцари, Ватикан, Энэтхэг, ТУХН-ын улсуудын радио хүлээн авагч болон дамжуулагч үйлдвэрлэгчид оролцож байна. Радио нэвтрүүлгийг DRM стандарт буюу “тоот” болгох сонирхолтой бүх хүмүүс энд цуглажээ. “Оросын дуу хоолой” радио тоот радио нэвтрүүлгийг Орос улсад анх нэвтрүүлсэн гэж “Оросын дуу хоолой” радиогийн орлогч дарга Рашель Ставиская хэлсэн юм. Тэр хэлэхдээ:“Оросын дуу хоолой” радио 2003 оноос DRM хэлбэрээр Европын орнуудад нэвтрүүлгээ цацаж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийг орос, англи, герман, франц хэлээр өдөрт 10 цагаар сонсох боломжтой. Үүнээс гадна бид нэвтрүүлгээ Хятадын нутаг дэвсгэрт цацаж байна. Шинэ технологийг нэвтрүүлснээр бидэнд асар их хэтийн төлөв нээгдэж байгаа юм. Тоот радио дуугаралтын чанараараа компакт дискнээс ялгагдахгүй юм. Бүх тивд 33 хэлээр цацаж байгаа “Оросын дуу хоолой” радиогийн хөтөлбөрийг дэлхийн аль ч өнцгөөс маш сайн чанартай сонсон боломжтой юм гэлээ. DRM стандарт нь богино, дунд, урт долгионы бүх үелзлийн радио нэвтрүүлэгт тоот шинэ технологи нэвтрүүлэх боломжтой цорын ганц систем билээ. DRM стандарт нь шинэ боломжийг нээж байна. Тухайлбал дууны дохионы зэрэгцээ текст мэдээллийг дамжуулах боломжтой юм. 1998 оноос DRM стандарт бүхий радио нэвтрүүлэг бий болсон. “Би-Би-Си”, “Германы долгион”, “Олон улсын францын радио”, “Оросын дуу хоолой” зэрэг олон улсын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг тоомохон радио компани ийм стандартаар нэвтрүүлгээ дамжуулдаг. Москвад болж байгаа симпозиумд оролцогчид тоот радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд тулгарч байгаа технологийн, эдийн засгийн, эрхийн болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Форумын үеэр энэ салбарт хийсэн оросын орчин үеийн бүтээл буюу DRM стандартаар ажилладаг радио хүлээн авагчийг танилцуулна. Симпозиумд оролцогчид Москва орчмын радио төвд очино. Тэд “Оросын дуу хоолой” радиогийн тоот нэвтрүүлгийг дамжуулдаг DRM стандарт дамжуулагчийг сонирхоно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>