Хоёр орны түүхэнд анх удаа бизнес эрхлэгчдийн томоохон хэмжээний форумыг ирэх сард зохион байгуулахаар болсон нь Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол үр дүн байлаа. Форумд нэр хүндтэй хүмүүс оролцож, тодорхой тохиролцоонд хүрэхэд чиглэсэн байна гэж Оросын тал үзэж байна.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ ОХУ болон Монгол Улсын ерөнхийлөгч нарын өнгөрсөн оны 12 дугаар сард хүрсэн тохиролцоог биелүүлэх практик зорилтыг хэрэгжүүлэхэд голлон чиглэжээ. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос, Монголын бизнесийн хүрээнийхэн “харилцан, чин хүсэлтэй” байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв.
Бэрхшээлтэй асуудал үнэхээр байна. Эдийн засгийн салбарт хоёр орны харилцаа хөгжиж байгаа ч, энэ салбарын хамтын ажиллагаа “яст мэлхийний хурдаар” ахиж байна гэж хэлж болно. Манай хоёр орон хамтын ажиллагааны баялаг уламжлалтай билээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа бараг уналтанд орсон үе ч байсан. Улс төрийн шалтгааны улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа зогссон юм. Орос, Монгол улс ардчилллыг тогтооход хүнд даваа туулсан. Зах зээлийн эдийн засгийн системд шилжихэд ч гэсэн саад бэрхшээлтэй тулгарч байсан.
Одоо тэр саад тотгорыг даван туулсан бөгөөд улс төр, бизнесийн хүрээнийхэн хамтын ажиллагааны шинэ хуудас нээх хүсэл зориг чухал байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж байгаа. Хамгийн гол нь түүнийг хэрэгжүүлэх л шаардлагатай.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний 2 үеийг сануулъяа. Сергей Лавров болон Нямаагийн Энхболд нар хүмүүнлэгийн салбарт тогтоосон харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал Орос улсад мэргэжил эзэмших хүсэлтэй Монгол оюутны тэтгэлгийг нэмсэн. Түүнчлэн ойрын үед Москвад Улаанбаатарын өдрүүд болох бөгөөд дараа нь Орос улсын соёлын өдрүүд Монгол улсад зохиогдоно.
Эцэст нь Гадаад хэргийн сайд нар Орос улс, Монгол Улсын хооронд зорчих визийн журмыг хөнгөвчилөхөөр тохиролцжээ. Визгүй зорчих тухай гэрээ байгуулах яриа хэлэлцээ хийж байна. Монгол Улсын энэ талаарх баримт бичгийг Москва гардуулсан. Орос улс энэ баримт бичгийг судалж байна. Энэ талаар нааштай хариу хэлэх төлөвтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>