“Нэгдсэн Орос Улс” намын сонгуулийн өмнөх хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2007 оны 12 дугаар сард болох Төрийн Думын сонгуульд тус намаас өрсөлдөх хүмүүсийн жасаалтыг тэргүүлэхээ мэдэгдлээ. Ирэх оны хавар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа их улс төрд үлдэхээр шийдсэнээ тэр хэллээ. Орос улсын одоогийн ерөнхийлөгч асар их нэр хүндтэй байгаа, ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа албан тушаалаа орхихгүй байхыг олон нийт хүсч байгаа тэр уур амьсгалд бүрэлдсэн улс төрийн зангилааг “Нэгдсэн Орос улс” улс төрийн тэргүүлэх намын хурлын үеэр тайллаа. Владимир Путин тэтгэврийн хүндэт хүн болж, бизнест хөл тавих эсвэл албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд үндсэн хуулийг өөрчлөх бодолгүй байна. Тэрээр нам бус хэвээр байх бөгөөд улс төрийн амьдралаа холбосоор байгаа, үндэс суурийг нь тавьж байсан намдаа туслахад бэлэн байна гэжээ. Өөрийн байр сууриа зарчмынх гэж тэр нэрлэлээ. “Нэгдсэн Орос улс” нам ерөнхийлөгчийн талыг баримталдаг хэмээн сүүлийн жилүүдэд тооцогдож, Орос улсын парламентад Путины төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж байсан юм. Улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт Орос улсыг бэхжүүлж, сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн харилцан холбоотой алхам хэрэгжүүлэхэд төлөвлөгөөний гол ач холбогдол оршиж байлаа. Ерөнхийлөгч “Нэгдсэн Орос улс” намын төлөөлөгчдөд хандан хэлэхдээ: “Нэгдсэн Орос улс” нам, танай нам, улс төрийн тэргүүлэх хүчний шийдвэртэй дэмжлэггүй бид энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байсан. Энэ төлөвлөгөөг тодорхой хууль, зарлиг, засгийн газрын тогтоолд тусгасан. Төлөвлөгөөний үндсийг бүрдүүлж буй бараг бүх алхам Орос улсын олон сая хүний талархлыг хүлээгээд байна. Хэтрүүлэлгүй хэлбэл Оросын ард түмний төлөвлөгөө нь одоо хэрэгжиж эхэлсэн урт хугацааны стратегийн төлөвлөгөө юм.» “Нэгдсэн Орос улс” намын сонгуулийн өмнөх жагсаалтыг тэргүүлснээр Владимир Путин тус намын нэр хүндийг өргөж байна. Ерөнхийлөгчийн энэ шийдвэрээс үүдэн Оросын тэргүүлэгч намын сонгогчдын тоо эрс нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна. “Нэгдсэн Орос улс” нам нийгмийн тогтвортой байдлын хэрэгсэл, ирээдүйн парламентын тулгуур, хөгжлийн санаачлагч, гүйцэтгэх засаглалын түшиг тулгуур байх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрээр Орос улсын засгийн газрыг тэргүүн болохыг үгүйсгэсэнгүй. Гэсэн ч тэрээр хоёр болзол тавьсан байна. Тухайлбал: тус нам сонгуульд ялах ёстой, харин шинэ ерөнхийлөгч хамтран ажиллах боломжтой шударга, ажлын өндөр бүтээмжтэй, орчин үеийн хүн байх ёстой гэж хэлжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>