Киног дэлгэцнээ гарахаас өмнө олонтаа ярьж, бичиж байсан найруулагч Сергей Бодровын “Монгол” кино Москва хотын кино театрт өнгөрөгч долоо хоногоос гарч эхэллээ. Нэрд гарсан найруулагч киног бүтээхэд 2 жил ажиллажээ. Сергей Бодров “Кавказын олзны хүн” киног бүгээхэд хамтран ажиллаж байсан Арич Алиевтай хамтран “Монгол хүн" киноны зохиолыг бичжээ. Кино зохиолыг хэд хэдэн хэлээр орчуулсан боловч, киног монгол хэлээр авсан байна. Орос, Герман, Казахстан, АНУ зэрэг кино урлагийн мэргэжилтнүүд оролцсон энэ киног 15 сая еврогоор бүтжээ. “Монгол хүн" киног зураг авахаас нь өмнө 25 орон худалдан авчээ. Орос улсын нийслэлийн “Пушкинский” шилдэг театрт киноны нээлт болсон байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович 1909 онд байгуулагдсан “Художественный” Москва хотын хуучны кино театрт “Монгол хүн" киног үзжээ. Өглөөгүүр кино театрт үзэгчид цөөхөн байлаа. Голдуу тэтгэврийн насны хүмүүс байв. Киноны өдриийн 2 ээлжинд тасалбарыг хөнгөлөлттэй үнээр тэтгэврийн хүмүүст худалддаг юм. Манай сурвалжлагч Светлана Степановна  гэгч настай, боловсролтой байрын эмэгтэйгээс “Та яагаад энэ киног үзэх болсон бэ?” гэж асуужээ. Тэрээр ингэж хариулав: «Би энэ киноны рекламыг уншсан. Кинонд Чингис хааны бага насны тухай өгүүлснийг мэдсэн. Урьд дунд сургуульд бидэнд зааж байсан түүхийн олон зүйлийг засварлаж байна. Би түүх сонирходог, найруулагч С.Бодров Чингис хааныг хувь хүн талаас нь хэрхэн харуулах нь надад сонин байна. Энэ найруулагчийн бүтээлээс жүжигчдийн сайн тоглолт, өргөн хүрээтэй зураг авалт зэрэг олон зүйлийг харах байх гэж бодож байна гэжээ. Кино эхлэхийн өмнө үзэгчдийн нэг Раиса Васильевна юу гэж ярисныг сонсоё. “Би Монголд бүр 1972 онд очиж байсан. Кинонд өгүүлж буй Чингис хааныг сонирхож байгаатай адил энэ орныг одоо ч сонирходог. Лев Гумилевын Чингис хааны тухай номыг би уншсан. Их сонирхолтой. Бид чинь ямар нэг хэмжээгээр Чингис хааны үр сад юм шиг байгаа юм”. Танхимд гэрэл унтарч үзэгчид 2 цагийн турш дэлгэцэнд болох үйл явдалд анхаарлаа хандуулав.Дөнгөж есэн настай бяцхан Тэмүүжин эхнэр сонгохоор эцгийнхээ хамт хөрш аймагт очиж байгаагаар кино эхэлдэг. Тэмүүжин хожим нь өөрийнх нь анхны эхнэр болох Бөрттэй нэг айлд таардаг. Эцгийг нь хордуулж хөнөөсөн, урвалт, өлсгөлөн, ядуу зүдүүгийн зовлонг туулж Тэмүүжин эрийн цээнд хүрдэг. Сергей Бодров кинондоо ирээдүйн Чингис хааны намтрыг “Монголын нууц товчоонд” тулгуурлан өгүүлсэн ч, зарим хэсэгт уран сайхны хэтрүүлэг оруулсан байна. Кинонд түүхэн бодит үйл явдал, кино зохиолчдын санаанаасаа зохиосон хэсэг ч байна. Тухайлбал Чингис хааны намтарт тэр 10 жил хаана юу хийсэн нь тодорхойгүй байдаг. Энэ хугацаанд Тэмүүжин тангуудад олзлогдсон байсан гэсэн сонирхолтой таамгийг Лев Гумилёв төдийгүй бусад түүхчид дэвшүүлдэг. Тиймээс кино зохиолчид энэ хугацаанд түүнд юу тохиолдсоныг өөрсдийнхөөрөө таамаглах боломж гарсан юм. Тухайлбал их хааныг шоронгоос эхнэр Бөртэ нь аварч байгаагаар кинонд үзүүлжээ. Бөртэ энэ хугацаанд 2 хүүхэд төрүүлж, Тэмүүжин тэднийг өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөг. Түүхчид энэ бүхнийг буруушааж магадгүй юм. Энэ бол уран сайхны кино учраас санаанаасаа авсан зүйлийг зөвтгөж болно. “Монгол хүн"  киноны 2 дахь хэсэгт эрийн цээнд хүрсэн Тэмүүжин, түүний анд Жамухын зөрчлийг харуулдаг. Жамухын арми бут цохигдож, Тэмүүжин анд Жамухаа суллаж байгаагаар кино төгсдөг. Түүхээс гажсан бас нэг хэсэг. Түүхэнд Чингис хаан Жамухыг түүхий арьсанд боож, цөлд тарчилж үхүүлэхээр үлдээдэг. Кинонд түүхээс гажсан хэсэг байгаа ч, сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Кино өргөн хүрээтэй болсон, цөлийн байгалийн сайхны зураг, дууны эффект зэргээр сонирхол татаж байв. Жүжигчдийн тоглолт сонирхол татсан нь мэдээж. Тавь гаруй кинонд тоглосон дэлхийд нэрд гарсан Японы жүжигчин Таданобу Асано Тэмүүжиний дүрийг бүтээжээ. Хятадын кино од Сун Хон Лей Жамухын дүрийг бүтээсэн байна. Монгол охин Ч. Хулан Бөртийн дүрд маш сайн тогложээ. Кино зураг авалт эхлэхийн өмнө түүнийг Бөртийн дүрд тоглуулахаар сонгосон юм. Бөртийн дүрд Хятадын киноны од Цзыи Чжан тоглох санал тавьж байсан гэнэ. Гэвч жүжигчин кино бүтээгчдийн санаанд нийцээгүй байна. Киноны зураг авалт эхлэхийн өмнө сэтгүүл зүйн ангийн оюутан Ч.Хуланг энэ дүрд тоглуулахаар болсон юм. Тэр найруулагчийн санаанд шууд нийцсэн аж. “Монгол хүн" кино дууссаны дараа манай сурвалжлагч танхимаас гарч байгаа үзэгчид ямар сэтгэгдэлтэй байгааг сонсохоор шийджээ. 38 настай Александр ийнхүү ярьж байна: «Чингис хааны тухай Хятадын 40 ангит киног би саяхан үзсэн. Найруулагч С.Бодров кино хийхдээ цагт их баригдсан бололтой. Гол дүрийг бүрэн үзүүлж чадаагүй байна. Түүнийг хэтэрхий романтик, өгөөмөр хүн мэтээр үзүүлжээ. Түүнд дусал ч догшин авир алга. Чингис хааны ийм төрхөд итгэхэд бэрх. Гэхдээ энэ киног үзэх хэрэгтэй. Ойлгодог хүн нь зөв дүгнэлт хийх ч юм билүү гэжээ. 21 настай Виталийн сэтгэгдлийг сонсоё: «Энэ кино надад их таалагдлаа. Чингис хааны тухай бид юу мэдэх билээ? Гэсэн асуултаас эхлэн бид энэ киног үзэх хэрэгтэй. Дэлхийн талыг эзэлсэн догшин хүн гэж л түүнийг тодорхойлдог байсан шүү дээ. Тэр ч бас хүн байсан. Найруулагч энэ хүнийг ямар өнцгөөс харсан нь надад сонин байсан. Үүнээс гадна кино маш өргөн хүрээтэй болж, операторын ажил маш сайн, жүжигчид ч сайн тоглосон. Киног үзсэндээ харамсахгүй байна». Москвагийнхан “Монгол хүн" киног үзсээр байна. Кино Оскарын шагнал хүртэх хэмжээнд болсон гэж зарим кино шүүмжлэгчид ярьж байна. Цаашид юу болохыг нь харьяа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>