Орос, Хятад улс сансрын уудамд зэвсэг үл байрлуулах тухай төслийг НҮБ-д өргөн барилаа. Зэвсэглэлээр дахин хөөцөлдөхөөс зайлсхийхийн тулд энэ салбарын тоглоомын дүрмийг нэн даруй хуульчлах үүднээс төслийг өргөн барьжээ.Одоогийн байдлаар сансарт ганц ч орны зэвсэг байхгүй. Одоохондоо Орос, АНУ сансрыг цэрэг, иргэний салбарт бүрэн ашиглах чадвартай юм. Хятад, Энэтхэг, Европын Холбоо ийм хүчин чадалтай болоход тун ойрхон байна. Олон улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал хамгийн чухал асуудал хэмээн Орос улс нэг бус удаа хэлж байсан. Сансрын уудамд зэвсэг байрлуулахаас сэргийлэх тухай гэрээ байгуулах Орос, Хятад улсын санаачлагыг НҮБ таван жилийн турш хэлэлцэж байна. Орос улс гэрээнд гурван үндсэн үүргийг тусгах санал тавьжээ. Тухайлбал бүх төрлийн зэвсгийг Дэлхийн тойрог замд оруулахгүй байх, ийм зэвсгийг сансрын уудамд болон тэнгэрийн эрхэст байрлуулахгүй байх, сансрын объектод хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх.Өнөөгийн байдлаар АНУ-ын төрийн бодлого нь улс орны ашиг сонирхлыг сансрын орон зайд хамгаалахыг өөрийн агаарын болон тэнгисийн орон зайг хамгаалахтай нэг түвшинд авч үзэж, сансрын уудамд зэвсэг байрлуулахыг үгүйсгэхгүй байгаа юм. Ийм шалтгааны улмаас Орос, Хятад улсын зүгээс Тунхаглалын хамтарсан төслийг НҮБ-д өргөн барьсан билээ. ОХУ-ын сансрын цэргийн командлагч хурандаа генерал Владимир Поповкийн энэ санаачлагыг ийнхүү тайлбарлаж байна. «Бид сансарт дайтаж, тэнд эзэн суухыг хүсэхгүй байна. Өнөө үед зах хязгааргүй орчин бол сансар байгаа юм. Тэнд бүгд эн тэнцүү. Нөгөө талаас ямар нэг орон сансрын уудамд эзэн суухыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Ямар нэг орон сансрын уудамд зэвсэг байрлуулбал хариуд нь бас нэг өөр төрлийн зэвсэг байрлуулдаг хуультай гэж Сансрын цэргийн командлагч Владимир Поповкин цохон тэмдэглэсэн юм. Сансрын уудамд хийсвэр бус бодит зорилтыг хэрэгжүүлэхийг хурандаа уриалсан юм. Ж ижиг гаригийн аюултай тэмцэхэд Сансрын цэргийг ашиглах хэтийн төлөвийг генерал эрс шүүмжилсэн юм. Эрдэмтдийн тооцсоноор дэлхийн гадаргууд жижиг гариг унах магадлал таслалаас хойш 12 тэгтэй тэнцэж байгаа гэж Владимир Поповкин тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>