ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью-Йорк дахь НҮБ-ын байранд сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийлээ. Олон улсын чухал асуудлыг шийдэхэд Орос улс ямар байр суурьтай байгаа талаар тэрээр тэмдэгллээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд үг хэлэхдээ орчин үеийн улс төрийн бодлогын тулгамдсан асуудлыг хөндлөө. Тухайлбал Кавказын мөргөөлдөөн гарсан нутгийн байдал, Косово, Ойрх Дорнодын хямрал, Ираны цөмийн хөтөлбөр болон бусад асуудлыг зохицуулах талаар Оросын байр суурийг хэллээ. Европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах америкийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал Оросын дипломатчийн анхаарлаас гадна үлдсэнгүй. АНУ Чехид радар, Польшид пуужин амдан сөнөөгч байрлуулах бодолтой байгаа юм. Дэлхийн өмнөд хэсгээс тухайлбал Иран, Хойд Солонгос зүгээс пуужин харвах аюул нүүрлэж байгаатай холбогдуулан АНУ зүүн европт радар, амдан сөнөөгч байрлуулах бодолтой байгаа ч, энэ төлөвлөгөө нь Орос улсын эсрэг чиглэсэн гэдгийг оросын болон америкийн шинжээчид хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Чех, Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах америкийн төлөвлөгөөний оронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түрээсээр ашиглаж буй Азербайжан дахь Габалины радиолокацийн станцыг хамтран ашиглах саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушт тавьсан юм. Орос улсын хамтран ашиглахыг санал болгосон энэ радиолокацийн станц өмнө зүгээс Европт чиглэсэн ямар ч аюулыг арилгаж чадна гэж тодорхой тооцоо, дүн шинжилгээ хийсэн шинжээчид үзэж байна. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах дэлхийг хамарсан төлөвлөгөөг Европт хэрэгжүүлэхэд Габалины радио локацийн станцыг нэмэлт болгон ашиглах боломжтой гэж америкийн тал хэлж байгаа юм. Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнтэй холбогдуулан оросын байр суурийг тодруулах хэрэгтэй гэж үзсэн байна. АНУ-ын энэ төлөвлөгөөг бид оновчтой гэж үзэхгүй байгаа, тэгээд ч АНУ-ын дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Габалины радиолокацийн станцыг нэмж ашиглахыг бид санал болгоогүй гэдгийг америкийн мэргэжил нэгт нөхөд сайн ойлгож байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Орос улс, АНУ, Европын оролцоотой стратегийн холбоог сайжруулах бодит нөхцлийг бүрдүүлэх ухаалаг хувилбарыг бид санал болгосон. Маш тодорхой хэлсэн байгаа. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах асуудал эрхэлсэн Агентлагийн зарим хүмүүс оросын радиолокацийн станцыг Орос улсын эсрэг чиглэсэн зорилгод ашиглах гэж яах гэж байгаа юм бол. Ийм зүйл хэзээ ч болохгүй, байж ч болохгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>