Гадаадын болон эх хэлээ янз бүрийн аргаар тухайлбал тоглож сурч болно. Үүнд зориулсан тусгай тоглоомын арга боловсруулжээ. Энэ тухай манай сурвалжлагч Елена Ковачич ярьж байна. Хэл сурахад тоглоом-дүрд тоглох арга нь шинэлэг зүйл биш билээ. Ингэж нэрлэдэггүй байсан боловч энэ арга эрт дээр бий болсон юм. Жишээ нь Орост 18-19 дүгээр зуунд язгууртны хүүхдүүдийг гадаад багш нар хүмүүжүүлдэг байжээ. Хүмүүжүүлэгч багш хүүхдүүдтэй салхинд гарах зуураа мод, цэцэг, шувуу зэргийг франц, герман, англиар нэрлэдэг байсан байна. Энэ мэт тоглоомын хэлбэрээр хүүхдүүдэд хэлний суурь мэдлэг олгож байжээ. Өнөө үед гадаад хэл сурахад тоглоомын арга үр нөлөөтэй болохыг багш сурган хүмүүжүүлэгчид ойлгоод байна. Тэд сургуульдаа явах, аялалд гарах, театр эсвэл дэлгүүр явах зэрэг өдөр тутам давтагдаж байдаг ахуйн янз бүрийн нөхцөлд дүрд тоглож гадаад хэл заадаг байна. Энэхүү тоглоомын хэлбэр нь хичээлийг ойлгомжтой, ойнд ортол заах боломж олгодог бөгөөд хамгийн гол нь сурагч аажмаар шинэ үгээ цээжилж, хэл зүйн хүнд дүрмийг тогтоодог байна. Европын хэлний үйл үгийн цагийн салбарласан системийг цээжлэхэд уйтгартай байдаг. Орос хэлэнд тухайлбал нэр үгийн ялгалал, хэлц үгийг мэдэж авахад их төвөгтэй. Тэгэхлээр яах вэ? Тоглоомноос тогтсон үг хэллэгийг хялбархан ойлгодог гэж Москвагийн багшийн их сургуулийн ерөнхий хэл шинжлэлийн танхимын профессор Валентин Зимин итгэлтэй байна. Тэр үзэхдээ: "Ялангуяа хэлц үгийн утга, тэр ч бүү хэл үгийн гарлыг тайлбарлахад тоглоомын хэлбэр их үр нөлөөтэй. Хэлц үгэнд дүн шинжилгээ хийж, мэдэж авахад их түвэгтэй. Тиймээс оюутнууд хэдийн мэддэг болсон, заачихсан хэлц үгийн жишээг тоглоомын хэлбэрээр заах хэрэгтэй юм". Эрдэмтэн орос хэлэнд хэдийн танил болсон үүсч, бий болсон өөрийн гэсэн түүхтэй “филькины бичиг” хэлц үгийг жишээнд авч байна. Догшин Иван Орос орныг захирч байсан 16 дугаар зуунд хамба Филипп хааны зүй бус ааш араншиг эсэргүүцэн, түүнийг хатуухан шүүмжилсэн бичгийг ардын дунд тарааж байсан юм. Түүний энэ үйлдэл догшин Иваны сонорт хүрэхэд, тэрээр: “Ааан энэ чинь филькины бичиг байна шүү дээ…” гэж хэлсэн гэдэг. Энэ тогтсон хэллэг ийнхүү үүссэн түүхтэй. Профессор Валентин Зимин энэ үг хэллэгт нийцүүлэн оюутнуудад дүр зохиож, хэд хэдэн зорилтоо нэг дор гүйцэлдүүлдэг байна. Тэр хэлэхдээ:"Оюутнууд дүрд тоглосноор олон зүйлийг нэг дор мэдэж авдаг. Хар л даа, Филлипп, Филя, Филька хэл зүйн онцлог харагдаж байна. Оюутнууд үүнийг, мөн хэлц үг үүссэн түүхийг мэдэж авдаг гэжээ.Дэлхийн олон оронд орос хэл заахдаа дүрд тоглох аргыг өнөө үед өргөн ашиглаж байна. Жишээ нь Данид л гэхэд ердөө 10-хан сарын дотор оросоор боломжийн ярьж сурах боломжтой гэж Москва дахь тус вант улсан элчин сайдын яамны ажилтан Симон Марк ярьж байна. Тэр тайлбарлахдааа:"Жишээ нь “Петербургийн болзоо” нэртэй 25 хичээл байна. Хамгийн наад захыг үгийг сурч болно. Петербург хотод ажиллаж байгаа Дани хүний энгийн яриа өрнөнө. Тэрээр тэнд маш олон орос хүнтэй, мэдээж хэрэг орос бүсгүйтэй танилцана. Ажил, зах, гэр, өрөөнд өдөр тутмын янз бүрийн нөхцөл байдалтай тулгарна. Энэ нь хэл зүй, авиа зүй зэрэг үндсэн зүйлийг судлах боломж олгож байгаа юм. гэжээ.Дүрд тоглосноор цаашид хэлийг гүнзгийрүүлэн судлахад сайн тулгуур болдог гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. 

Орчуулагч Г.Нарангарав