Foto: http://cryptozoology.ru/index.phpЭнэ киног олон сая үзэгч үзэж, янз бүрийн шинжээчид киноны кадр бүрийг олон дахин задлан шинжилсэн юм. Энэ баримтат кино хуурамч байх магадлал бага хэмээн бүгдээрээ үзжээ. Шинжлэх ухаанд цасан хүнийг өнөө хир бүрэн судлаагүй байна. Энэ учир битүүлэг амьтны талаар эрт дээр үеэс ярьсаар ирсэн. Цасан хүнтэй таарсан мэдээ сэлт маш их байдаг. Дэлхийн өнцөг булан бүрийн уулын бүст цасан хүнтэй таарсан тухай мэдээ бий. Мөнх цаст оройтой өндөр ууланд байдаг болохоор сармагчинтай төстэй энэ амьтныг цасан хүн гэж нэрлэсэн юм. Рожер Паттерсон 1967 онд Калифорни муж улсын хойд хэсгийн Блафф-Крикийн голын ойролцоо цасан хүнтэй санамсаргүй таарч, кино хальсанд анх буулгасан байна. Энэ кино гарахаас хэдэн жилийн өмнө чухамхүү манай оронд цасан хүнийг судлах асуудлыг эрдэм шинжилгээний тэргүүн зэргийн зорилт болгожээ. Тухайн үед цасан хүний судалгаанд олны анхаарлыг татахад их үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлтийн нэрт эрдэмтэн гүн ухаан, түүхийн ухааны доктор, төрийн шагналт Борис Поршневт бид талархах хэрэгтэй юм. Тэрээр сонирхол татсан энэ асуудлын түүхийг судлахад асар их ажил хийсэн билээ. Поршнев судалгааны эцэст өгсөн нэг ярилцлагадаа: “Хэдэн арван мянган жилнийн тэртээ неандертальчууд өнөө үеийн маягийн хүнтэй зэрэгцэн амьдарч байсан болов уу. Дэлхийн бөмбөрцгийн нэвтрэхэд төвөгтэй зарим газар одоо ч, хагас хүн, хагас сармагчин төрхтэй энэ амьтантай таарсан гэх барнмт сэлтэд бүрэн итгэх багагүй үндэслэл байна”.
ЗХУ-ын Шинжлэх Ухаан Академийн ерөнхийлөгч Несмеянов 1958 оны эхээр цасан хүнийг судлах комиссийг Академийн дэргэд байгуулах урьд хожид байгаагүй шийдвэр гаргажээ. Цасан хүнийг харсан тухай их мэдээлэл ирж байсан Памирийн уул руу эрдэм шинжилгээний экспидиц явуулах болжээ. Уулын нутгийн оршин суугчид цасан хүнийг алмас гэж нэрлэдэг. Тэр жил К. Станюковичийн уднрдлагаар экспидицийн аялал зохион байгуулсан ч, дараа нь энэ аялал бараг тасалдаж, экспдицид оролцогчид тарсан байна. Станюкович ганцаараа үлдээд, нутгийн анчдаар газарчлуулан аялалаа үргэлжлүүлжээ. Хэдэн долоо хоногийн турш цас, шуурганд төөрч, будилсны эцэст тэр “Оньсого минь баяртай” гэсэн харамсалтай дүгнэлт хийсэн юм. Үүний дараа Академийн дэргэдэх комиссийг татан буулгажээ. Гэвч Борис Поршнев учир битүүлэг амьтантай таарсан тухай асар их мэдээллийг боловсруулсаар байв. Нөр их энэ хөдөлмөрийн дүнд “ Алмасын асуудлаарх орчин цагийн байдал” нэртэй ном бичиж, 1963 онд цөөн хувиар хэвлүүлжээ. Одоо Москва дахь Дарвины музейд олон жил зохион явуулж байгаа алмас судлалын семинар нь Б.Поршневын уламжлалыг үргэлжлүүлж байна. Дорнын уулаар нутагладаг зэрлэг хүмүүсийн талаар мэдээ дундад зууны эхэн үед Европт хүрчээ. Монголчуудтай уулзаж, учирч явсан католик шашинтаны элч Плано Карпинигийн тэмдэглэлд Говь нутагт амьдардаг зэрлэг хүмүүсийн тухай дурдсан байдаг: “Тэд огт ярьж чаддаггүй, хөл нь үегүй, унавал өөрөө босч чаддаггүй, монголчууд энэ амьтныг харваж, шархдуулахад, шархаа өвсөөр дараад, монголчуудаас илүү хурдан гүйдэг” гэр тэр бичжээ.
Монголчууд цасан хүнийг алмас гэж нэрлэдэг. Орон нутгийн түүх судлаач зохиолч А.Тиваненко 1990 онд Буриадад “Тайгын хий үзэгдлийн мөрөөр” нэртэй ном хэвлүүлсэн юм. Тэрээр, эрдэмтэн Поршнев болон бусад судлаачын бүтээлд тулгуурлан төв Азийн цөл, уулархаг нутагт амьдардаг алмас хэмээх учир битүүлэг амьтны тухай өгүүлжээ. Түүнээс өмнө Буриадад өнгөрсөн зууны 30-аад онд эрдэмтэн Ц.Жамцарано алмасыг судалж байжээ. Тэр 19 дүгээр зууны эцсээс 1928 он хүртэл Монголд алмастай таарч, учирсан тухай асууж сурагласан олон мэдээ цуглуулж, энэ амьтантай таарсан газрыг газрын зураг дээр тэмдэглэжээ. Гэвч түүний экспидицийнхэн алмасыг илрүүлж чадаагүй юм. Хүн төрхтэй учир битүүлэт амьтан Монголд байгаа тухай мэдээ 19 дүгээр зууны эцэст шинжлэх ухааны ертөнцөд дуулдах болсон юм. Дорно дахины судлаач нэрт эрдэмтэн Б.Барайдин Алашанийн цөлийн элсэн манхан дээр жаргаж буй нарны улаан туяанд сармагчинтай нэн их төстэй үсэрхэг хүний дүрсийг харсан байна. Барайдиныг дагаж явсан монголчуудаас хэн нь ч энэ хүн төрхтэй амьтны хойноос явж зүрхлэсэнгүй. Тэд буг чөтгөр таарлаа гэж айн маань уншин, дороо хөшиж зогссон байна. Мөн тэр зууны сүүлчээр Рокхилийн төвдийг судлах экспедицийнхэн өөдөөс нь явж байсан жингийн цуваатай таарч, нэг өвгөн лам говь нутгаар цуваа нь явах үед үсэрхэг зэрлэг хүмүүс юу ч дуугаралгүй чулуу нүүлгэж, дайрсан тухай ярихыг сонсчээ. Жингийн цуваа говь цөлөөр аялах үеэр ярьж чадахгүй, үсэрхэг зэрлэг хүмүүс чулуу шидэж дайрсан байна. Өндөр настай монголчууд зэрлэг хүмүүсийн тухай яриагаар гадаадынхныг улам их гайхшруулж байв. Төв Азийн цөл, ууланд “гэрэсун-бамбэрмэ” гэгч зэрлэг хүмүүс оршин суудаг бөгөөд тэд хоёр хөл дээрээ явж, хүнийх шиг мөр үлдээдэг ч, бие нь үсээр бүрхмэл, ярьж чаддаггүй аж. Тянь-Шань болон Монголоор хийсэн олон экспедицэд оролцож байсан залуу амьтан судлаач, хожим нь профессор болсон В.Хохлов 1914 онд алмасыг нүдээр үзсэн хүмүүсийн яриа, нутгийн домогт түшиглэн Азийн уулархаг нутгийн ой шугуйд хүн төрхтэй хачин амьтан үнэхээр байдаг гэж дүгнэж, тэр амьтныг “Азийн анхны хүн” гэж нэрлэх санал тавьжээ. Халх голын дайны үеэр ч гэсэн алмастай учирсан тохиолдол гарч байсан. Халх голын тусгай ангийн дарга Г.Калашников 1937 онд энэ нутагт тохиолдсон гайхалтай үйл явдлын талаар ярьсан юм. Хажуугийн ангийн харуулууд нэг шөнө уулнаас хүмүүс бууж байгааг ажигласнаа мэдээлж, түүнийг дуудсан байна. Харин харуулууд хашгирсан ч, нөгөө хүмүүс зогсоогүй тул гал нээжээ. Япон тагнуулчдын оронд сармагчинтай төстэй амьтан байхыг хараад цэргийнхэн мэл гайхсан байна. Нутгийн өндөр настнууд уг амьтныг хараад ууланд амьдардаг зэрлэг хүн гэж хэлжээ. Царай нь хүнтэй төстэй гэж хэлж болохоор, бне нь тэр чигтээ хүрэн шар үсээр бүрхсэн, хүнтэй ижилхэн өндөртэй, дух болон хөмсөг хэсгээрээ доош унжсан үстэй амьтаныг буудаж унагасан байж. Тэр жилдээ энэ нутагт бас нэг гайхамшигтай үйл явдал тохиожээ. Маршал П.Рыбалко Зайсангийн уулнаас баруун урагш орших Лобнор нуурын хавьд очжээ. Түүнийг Алтан-Тагын нурууны хойд хэсэгт очиход, морин цэргүүд зэрлэг хүн барьж, ачиж яваа тухай хятад офицер ярьсныг Шинжлэх ухааны академид мэдээлсэн байна. Рыбалко зэрлэг хүнийг очиж үзвээс, хэр буртагтаа баригдсан, шар арьсаар бүрхсэн, ямар ч хувцасгүй байжээ. Мөрнөөсөө доош унжсан гэзэгтэй, бөгтөрдүү, урт гартай, чарласан дуу авиа гаргаж, загас идэж байжээ. Зэрлэг хүнийг Өрөмчид аваачаад Москвад илгээх гэсэн боловч замдаа үхсэн байна. Дээр дурдсан жишээнээс харахад сүүлийн 2 тохиолдол нь алмас үнэхээр байдгийг баталж байна. Учир битүүлэг энэ амьтан одоо Монгол Улсын Ховд аймаг, Говийн өмнөд хэсгийн Цагаан Богд ууланд байж магадгүй гэж зарим эрдэмтэн үзэж байна. Дэлхийн энэ оньсогыг тайлж судлах эрдэм шинжилгээний хөтөлбөр сүүлийн үед хумигдсаар байгаа нь харамсалтай. Төв Азийн уулын бүсэд энэ амьтныг судалсан тухай мэдээ одоо их ховордсон. Гэхдээ дэлхий ертөнц маш хурдтай, урьдаас таах аргагүй өөрчлөгдөж байна. Тиймээс өнөө үеийнхэн алмасыг илүү нарийн судалж, дэлхийн энэ нууцыг ч тайлж мэдэх юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>