НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ өдөр байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалж, орон нутгийн цагаар 12 цагт дэлхийн бүх оронд минут дуугаа хурааж ёслохыг хүсчээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэе.
НҮБ 1981 онд энэ баярыг тэмдэглэх санаачлага гаргасан юм. Өнөөдөр тохиож буй Дэлхийн энх тайвны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Япон улсаас НҮБ-д бэлэглэсэн “Дэлхийн хонхыг” цохино.
Зөвхөн энэ өдөр төдийгүй бусад үед дайн хүчирхийлэл, цус урсгахыг зогсоохын эсрэг бодолтой хүн дэлхийд байхгүй биз ээ. Энх тайван, дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах нь “Гомо сапиенс”-ийн нэн чухал хэрэгцээ билээ. Олон зуун жилийн түүхэнд хүний цус урсаагүй өдөр гэж байхгүй юм.
Энэ өдөр ч хүний цус урсахгүй өнгөрөхгүй л болов уу. Суданы Дарфур мужид хүчирхийлэл газар авч, хүмүүнлэгийн байдал дордсон тухай Пан Ги Мун ярилаа. Жинхэнэ дайн Иракт өрнөж, палестин-израилийн дайн үргэлжилсээр байна. Дэлхийн янз бүрийн газар, янз бүрийн оронд гэм зэмгүй олон хүн өдөр бүр, цаг тутамд террористуудын гарт амиа алдаж байна. АНУ-ын засаг захиргаа Иранд цохилт өгөхөөр бэлтгэж эхэлсэн тухай тус улсын хэвлэл мэдээлж байна.
НҮБ-ын энх тайван тогтооход чиглэсэн ажил энэ тохиолдолд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хүмүүсийг хоморголон устгах, цэргийн гэмт хэрэгтэй тэмцэх, зэвсэг хураах асуудлыг шийдэх үүднээс 2006 онд баталсан дэлхийг хамарсан террорзмын эсрэг стратегийг хэрэгжүүлэхийг уриалсан нь зөв юм. Дэлхийн тогтвортой байдлыг хангах, энх тайван тогтооход гол хэрэгсэл болж байгаа НҮБ-ын эрхэм зорилго, зорилтыг Орос улс ямагт дэмжсээр ирсэн билээ. Москва энэ зорилтод хүрэхийн тулд тууштай ажиллаж, цаашид ч үргэлжлүүлэн ажиллах болно.
Харамсалтай нь цус урсгах нь жил ирэх тусам үл багасч, хүнийг хөнөөх арга, хэрэгсэл улам нарийн болж байна. Энэ үйл явцыг өөрчлөхөд НҮБ, Аюлгүйн Зөвлөл, дэлхийн тэргүүлэгч гүрний шийдвэртэй алхам, хатуу хүсэл эрмэлзлэлтэй байх шаардлагатай байна. Харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хүчээ уялдуулан, бэхжүүлэх, мөн НҮБ-ын тогтоол, олон улсын хууль тогтоомжоор дэлхийд энх тайван тогтоох боломжтой. Дангаараа тэр тусмаа Вьетнам, Югослав, Ирак болон бусад улс оронд хэрэгжүүлсэн шиг хүчээр энх тайван тогтоох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бүхнийг ойлгосон тохиолдолд бид Дэлхийн энх тайвны өдөр дайны галыг зогсоож, цус урсгахгүй боломжтой юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>