Монголын ард түмний орчин үеийн амьдрал, уламжлалт ахуй, урлаг, соёл, түүхийн талаар ном бичсэн нэрт Монгол судлаач Инесса Ломакина Санкт-Петербург хотод өөд болжээ. Инесса Ломакина дорно дахины судлаачийн боловсрол эзэмшээгүй ч, тэрээр монгол судлалын шинжлэх ухаанд хүндтэй байр суурь эзэлдэг билээ. Тэрээр 1953 онд Ленинградын улсын их сургуулийн орос хэл, уран зохиолын факультетын хэл шинжлэлийн ангийг төгссөн юм. Инесса Иванова нас сүүдэр 70 хүрэхээс хэд хоногийн өмнө хорвоог орхижээ. Тэрээр 1930 оны есдүгээр сарын 14-нд Нева голын эргийн хотод төрсөн юм.
Өнөөдөр манай нэвтрүүлэгт Инесса Ломакиныг сайн мэддэг түүнтэй ажил хэргийн холбоотой байсан Санкт-Петербург хотын монгол судлаач, хэл шинжлэлийн шинжлэх ухааны кандидат Ирина Кульганек оролцож байна. Ирина Кульганекийг микрофоны өмнө урьж байна.
Инесса Иванова өнгөрсөн зууны 60-аад оноос Монголтой амьдралаа холбосон хүн юм. Тэрээр 1961 оноос эхлэн дундаа завсарлаад 7 жил энэ улсад ажилласан. Эхлээд “Современная Монголия” сэтгүүлийн ажилтан, дараа нь “Советская культура”,“Литературная газета” сонинд сурвалжлагчаар ажиллаж байжээ. Судлаач Монголд байх хугацаандаа тус улсын дүрслэх урлагийн талаар 30 гаруй нийтлэл бичсэн байна. Монголын орчин үеийн зураач Цэвэг, Амгалан, Гаваа, Чүлтэм, Намхайцэрэн, уран барималч Дашцэвэг, Авирмэд нарын амьдрал, уран бүтээлийн талаар найруулал бичиж байсан юм. Инесса Ломакина Монголын ард түмний уран бүтээлийн амьдралд хувь нэмрээ оруулсан орос, зөвлөлтийн зураачдын материалыг Монголд байхдаа судалжээ. Ийнхүү судалгаа хийсний дүнд тэрээр Сүхбаатарын анхны хөшөөг зохиогч, Монголд 13 жил ажилласан зураач Померанцевын найруулалыг бичсэн байна.
Инесса Иванова 1970 онд Монголоос ирээд “Социалист Монголын дүрслэх урлаг” нэртэй анхны номоо хэвлүүлжээ. Удалгүй 20 дугаар зууны эхэн үеийн монголын зураач “Марзан Шарав”-ын тухай гурван ном, монголын уламжлалт ахуйд зориулсан “талын цагаан гэр” номоо хэвлүүлсэн байна. “Хот болон дэлхийн музей” цувралд нь “Улаанбаатар” ном орсон байгаа. Эдгээр болон түүний сүүлд гаргасан бүтээлүүд нь Монголд төдийгүй Орос, Англи, Унгар, Герман болон гадаадын бусад орны сонирхлыг их татсаныг энд хэлэх нь зүйтэй.
Оросын дорно дахины судлалд төдийлөн мэдэгдээгүй судалгаанд Инесса Иванова их хувь нэмэр оруулсан гавьяатай хүн юм. Хуучин данс бичгийг сайн шүүдэг, цуцашгүй эрэн сурвалжлагч, нөр хөдөлмөрч энэ хүн зөвлөлтийн үед Монголтой холбоотой янз бүрийн үеийн хүмүүсийн амьдрал, уран бүтээл, боловсрол, соёл, улс төр, түүхийн талаарх маш сонирхолтой баримт хадгалдаг, олж авахад төвөгтэй архивын материал дээр ажиллаж байсан юм. Орост 1989 онд Төрийн улс төрийн болон түүхийн архив нээгдсэний дараа Инесса Иванова дахин Монголтой холбоотой сэдвээр судалгаа хийх болсон. Сүүлийн жилүүдэд тэрээр 5 ном бичсэн байна. Гуверийн архиваас “Жа ламын толгой”, “Барон Унгерн болон Алтан Булаг” ном бичсэн. “Дорнын догшин Махакалууд”, “Их оргодол” ном хэвлэжээ. Монголч эрдэмтэн хүнд өвчтэй байсан үедээ 2006 оны 12 дугаар сард “Монголын нийслэл, хуучин болон шинэ” нэртэй номоо хэвлүүлсэн байна.
Сүүлийн номоо зохиолч “Монголын судлалын дүн” гэж нэрлэсэн юм. Энэ номонд Монголын нийслэлийн орчин үеийн байдал, түүхийн талаар өгүүлж, хотын нүүр царай, нэрд гарсан шинжээч, дүрслэх урлаг, соёлын ажилтнууд, улс төр, шашны төлөөлөгчдийн зургийг оруулжээ. Монголын өнгөрсөн үеийн өөрийн тэмдэглэл, нэрт хүмүүстэй хийсэн ярилцлага, аялагчдын янз бүрийн тэмдэглэл, архивын материал, хуучны хүмүүсийн олон дурсамжийг номонд багтаажээ. Орос монголын харилцаанд илүү их анхаарал хандуулсан байна. Инесса Иванова Ломакина өөд болохоосоо өмнө 20 дугаар зууны эхэн үеийн газар зүй, угсаатны зүй судлаач, нэрд гарсан монгол судлаач, судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, Монгол улсын төрийн хүндэт шагнал “Алтан гадас” одон хүртсэн оросын анхны эрдэмтэн, Монголд 14 жил оршин суусан Алексей Симуковын талаар ганц сэдэвт зохиол бичсэн юм. Номыг хэвлэхэд бэлэн болжээ.
Инесса Ломакины сэтгэлийнх нь угт байдаг Монголын талаар өгүүлсэн бүх ном, ганц сэдэвт зохиол, нийтлэлээс зохиолч амьдралыг ямагт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг үйл явц хэмээн үзэж, Чингис хааны хэлсэн “Мөнх тэнгэр” гэсэн үгийн цаад утгыг гүнээ ойлгосон нь харагддаг.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>