Өнөөдөр бид энэ уралдааны дүнг гаргаж, түрүүлэгсдийг зарлана. Уралдаанд хариулт хүлээж авах хугацаа 9-р сарын 15-нд дууслаа.
- ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2007 оныг «Орос Улс болон дэлхий дахинд орос хэлний жил болгон зарласныг» эрхэм найз та нар мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулж «ОДХ» радио энэ оны 1-р сард Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэг, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь Оросын ШУС-ын төв, бас МОНЦАМЭ агентлагийн хэвлэл – орос хэлээр гардаг «Новости Монголии» сонины газартай хамтран радио сонсогчдынхоо дунд «Орос хэл Монгол Улсад» асуулт хариултын уралдаан зарласан юм.
- Бид энэ уралдаанд оролцохыг хүсэгчдэд гурван сэдвийн нэгээр зохион бичлэг бичихийг санал болгосон.
- Энэ гурван сэдвийг сануулъя. Эхнийх нь «Би яагаад орос хэл сурсан, сурч байгаа, сурахыг хүсч байгаа вэ?». Хоёр дахь сэдэв нь Орос хэл Монголд өчигдөр, өнөөдөр. Гуравдахь сэдэв нь Орос орноор миний хийх аялалын зам.
- Уралдаанд оролцогчид орос хэлээр бүтээлээ ирүүлэх болзолтой. Гэхдээ орос хэл дөнгөж сурч эхэлж байгаа буюу хэлний мэдлэгтээ итгэлтэй биш хүн байвал зохион бичлэгээ монгол хэлээр бичиж ирүүлж болох байсан.
- Бид уралдаанд ирүүлсэн бүтээлийг орос хэлээр бичсэн, монгол хэлээр бичсэн, 14 нас хүртэлх насны хүүхдийнх, 2007 онд дунд сургууль төгсөгчийнх гэсэн дөрвөн ангиллаар шалгаруулсан. Ангилал бурд түрүүлэгчтэй.
- «Орос хэл Монгол Улсад» уралдаанд бид олон арван захиа авлаа. Тэгэхдээ 14 нас хүртэл охид хөвгүүдээс тун цөөн хариулт ирсэн. Харин нэг хариулт их таалагдсан. Түүнийг 23-р саргуулийн 3-А бүлгийн сурагч Номундарь бичжээ. Тэр охин сургуульдаа орос хэл заалгаж байгаа, олон орос найзтайгаа бичжээ. Тэр нутгийнхаа ах Амархүүгийн дууг сонсож, ойлгохын тулд орос хэл сурахыг хүсч байгаагаа хүүхдийн цайлган сэтгэлээр бичсэн байна.
- Комисс уралдааны «хүүхдийн» ангилалд Номундарийг тэргүүн байр эзлүүлэхээр шийдэв.
- Тэр одоо манай нэвтрүүлгийг ээж Алтантуяагийнхаа хамт сонсож байгаа байх аа. Номундарь манай радио компанийн шагнал, бас Амархүү болон тэр гочлол дуучнаар нь ажиллаж байгаа «Премьер-министр» хамтлагийн дууны бичлэгтэй, хайртай дуучныхаа гарын усэгтэй диск авах юм.
- Манай уралдаанд 2007 онд дунд сургууль төгсөгчид төдий л идэвхтэй оролцсонгүй. Тэднээс бид цөөхен бүтээл авсан. Уул нь уралдааныг ивээн тэтгэсэн «Базовый элемент» компани 2007 онд төгсөгчдөд зориулж тусгай шагнал бэлтгэж, Улаанбаатар хот дахь Плехановын нэрэмжит салбарт үнэ төлбөргүй суралцуулна гэсэн юм.
- Ийм шагнал байх юм гэж хүүхдүүд итгээгүй байж болох юм. Гэвч «Базовый элемент» компани хэлсэндээ хүрэв. Тэгэхээс ч аргагүй, тус компанийн «Орос-Монгол – ХХI зуун» сан энэ шагналын зардлыг гаргав. Шагналыг хэн хүртэв?…
- … Плехановын нэрэмжит Академийн салбарын дэргэдэх лицейг төгссөн Уламбаяр хүртэв. Тэр хөвгүүн ураллдааны гурав дахь сэдэв – «Орос орноор миний хийх аялалын зам» сэдвээр зохион бичлэг ирүүлсэн. Тэр Эрхүү хотоор хэрхэн аялахаа бичсэн. Түүний нэрийг бид хугацаанаас өмнө сарын өмнө зарласан. Учир нь шинэ оюутан 9-р сарын 1 гэхэд хичээлдээ орох байв. Хадоо Уламбаяр Эрхүүгийн техникийн их сургуулийн уул уурхайн факультетэд суралцаж эхлээд байна. Уламбаяр бичиг баримтаа бүрдүүлэхээр «Базовый элемент» компанийн төлөөлөгчийн газар очиход түүний аттестатыг үзэж, орос хэлээр сайхан ярихыг нь сонсоод, Сибирийн энэ нэр хүндтэй сургуульд сурахыг санал болгожээ.
- «Орос хэл Монгол Улсад» уралдааны «2007 оны төгсөгч» ангилалд түрүүлсэнд түүнд бас дахин баяр хүргэж, сурлагын амжилт хүсье.
- Та бүхэн «ОДХ» радио сонсож байна. Бид «Орос хэл Монгол Улсад» уралдааны дунг гаргаж, түрүүлэгсдийг зарлаж буй.
- Орос хэлээр бүтээлээ ирүүлсэн сонсогчид анхаарч байгаарай. Гол төлөв дунд сургуулийн ахлах ангийн сурагч, оюутнууд зохион бичлэгээ оросоор бичжээ. Бид орос хэлээр зөв бичсэн, компьютерээр цэвэрхэн шивсэн бүтээл цөөнгүйг хүлээж авсан. Гэхдээ олон сонсогч зохион бичлэг хийхдээ номоос хуулсаныг мэдэхэд түвэггүй байв.
- Иймээс орос хэлээр ирүүлсэн бүх бүтээлийг комиссынхон анхааралтай уншаад, зохион бичлэгээ гараар бичсэн ч орос хэлний тухай, амьдралд нь орос хэлний үзүүлж буй ач холбогдолд хэрхэн ханддагаа бие даан илэрхийлсэн сонсогчийг нэгдугээр байранд оруулахаар шийдсэн.
- Уралдааны эхний сэдвээр Улаанбаатар хотын иргэн 24 настай Жаргалсайханы Соёмбийн бичсэн бүтээл энэ шаардлагад нийцнэ гэж комисс үзэв. Гагцхүү тэр залуу ямар мэрэгжилтэй, хаана ажилладагаа бичээгүй байна. Гэхдээ энэ нь чухал биш. Соёмбо монгол сургуульд, дараа нь бие дааж орос хэл сурсныг бид мэдсэн.
- Ингээд орос хэлээр бичсэн бүтээлд Жаргалсайханы Соёмбыг эхний байранд орууллаа. Түүнд уралдааныг ивээн тэтгэсэн «Зарубежстрой» компанийн шагнал гардуулна.
- Гэхдээ үүгээр бүх зүйл дуусаагүй. Уралдааны хариулт хүлээж авах хугацаа 9-р сарын 15-нд дуусахын өмнөхөн бид «Би орос хэл яагаад сурсан бэ?» гэсэн сэдвээр бичсэн зохион бичлэг, захиаг Монгол Улсын засгийн газрын гүйцэтгэх агентлаг – Иргэний агаарын тээврийн удирдах газрын захиргааны хэлтсийн менежер Түдэвийн Батжаргалаас цахим шуудангаар авав.
- Тэр орос хэлээр сайхан үг хэлэгээр бичсэн нилээд том бутээл ирүүлжээ. Бичлэгт нь нэг ч алдаа алга. Сэтгэлийн хөдлөлөөр сайхан хэлээр бичсэн байв. Энэ нь уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээл болох нь эргэлзээгүй.
- Гэхдээ нэг харгалзах зүйл буй. Түдэвийн Батжаргал Орост хоёр удаа сурч байв. Тэр 1987 онд агаарын цэргийн сургууль, 2002 онд Санкт-Петербургт иргэний нисэх хүчний академи төгсчээ. Орос хэл түүний хувьд хоёр дахь төрөлх хэл болох нь түүний зохион бичлэгээс харагдана.
- Тиймээс комисс Батжаргалын бүтээлийг үнэлэхээс аргагүй болов. Түүнд Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэгийн тусгай шагнал гардуулна.
- Одоо монгол хэлээр бичсэн бүтээлийн тухай яръя.
- Энэ ангиллын гол шагналыг Улаанбаатар хотын иргэн, өндөр настан, хүндэт Рагчаа гуайд гардуулна. Тэр хотын Чингэлтэй дуургийн 4-р районд суудаг юм.
- Рагчаа гуайн зохион бичлэг онцгой болжээ. Тэр эхлээд монгол хэлээр бичиж, дараа нь орос руу орчуулсан байна. Сайн ч орчуулж. Бүтээл нь бидэнд ирэхгүй байж мэднэ гээд тэр хоёр ч удаа илгээжээ.
- Улаанбаатар хотын иргэн Рагчаа гуайд «Зарубежстрой» компанийн шагналыг гардуулна.
- Комисс уралдааны энэ ангилалд тусгай шагнал өгөхөөр шийдэв. Тэр шагналыг Төв аймгийн Баянчандмань суманд суугаа чөлөөнд буй дэд хурандаа Дашринчинд гардуулна. Тэр бидэнтэй эртнээс байнга харилцаж ирсэн, «ОДХ» радиогийн олон уралдаанд оролцсон. Дашринчин орос хэл сайн мэддэг, оросоор ном уншдагийг бид мэднэ. Харин тэр амьдралд нь орос хэл ямар үүрэг гүйцэтгэсэн тухай яагаад ч юм монголоор бичжээ. Тэгэхдээ үнэн сэтгэлээсээ сэтгэл хөдлөм бичсэн байна.
- Хүндэт Дашринчинд Монголын анд нөхдийн оросын нийгэмлэгийн шагнал гардуулна.
- Комисс бас урамшуулах хоёр шагнал гаргахаар шийдэв.
- «Орос-монгол, монгол-орос орчин үеийн том толийг» түүний зохиогч, оросын монголч эрдэмтэн Юрий Кручкинээс «Евро-Ази» дээд сургуулийн англи-орос хэлний салбарын 3-р курсийн оюутан Баатархүүгийн Хишигзул…
- «Баянгол» зочид буудлын ажилтан Галсандоржийн Чимэддулам нарт гардуулах юм.
- Бас «Орос хэл Монгол Улсад» уралдаанд оролцсон есөн хүнийг «Новости Монголии» сонины жилийн захиалгаар шагнана.  Анхаараарай, “Орос хэл Монголд” асуулт хариултын уралдааны эрхэм оролцогчдыг радио хүлээн авагчаа сонсохыг урьж байна. Уралдааныг зохион байгуулагчид болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдны яамны шийдвэрээр уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол өмнө мэдээлж байсанчлан Оросын шинжлэх ухаан соёлын төвд бус Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд 10 дугаар сарын 11-нд 12 цагаас болно.
Мэдээллийг “Новости Монголии” сонины газрын ажилтан Огторгумагаас 310-157 утсаар тодруулж, урилагаа авна уу.
Холбоо барих утсыг дахин хэлэе. 310-157, 310-157. Та бүхэн бичиж авсан уу?
Ингээд 10 дугаар сарын 11-нд 12 цагаас Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны байранд уулзатлаа түр баяртай.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>