Михаил Фрадковын засгийн газар огцорсон тухай, мөн Улсын санхүүгийн мониторингийн асуудал эрхэлсэн албаны дарга Виктор Зубковыг засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн зэргийг Орос болон дэлхийн улс оронд өргөн хүрээтэй тайлбарлаж байна. Улс оронд болсон энэ чухал үйл явдлын талаар тоймч Вячеслав Соловьевын хийсэн тайлбарыг хүргэе.
Сүүлийн жилүүдэд улс оронд хэрэгжээд байгаа залгамж, халаагаа үргэлжлүүлэх зорилтоо биелүүлэх үүднээс ОХУ-ын ерөнхийлөгч ийм шийдвэр гаргасан гэсэн санаа ихэнх тайлбарт гарч байна. Орост сонгууль болохоос өмнө энэ үеийг элдэв хүндрэлгүй даван туулах нөхцлийг улс оронд бүрдүүлэх өөрийн гэсэн хөтөлбөртэй, ажиллагаатай засгийн газрыг хэвээр үлдээх нь чухал байна гэж Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев үзэж байна. Хөтөлбөрийн үндсийг ирэх гурван жилийн парламентын төсөвт суулгасан гэж тэрээр хэлжээ. Улс төр судлаач Сергей Марков ч түүнтэй санал нэг байна. Тэрээр хэлэхдээ: “Залгамж халаа” төсөл хэрэгжиж байгаа болохоор засгийн газар огцрох нь гарцаагүй. Энэ нь боловсон хүчний сэлгээ хийх үед В.Путины улс төрчид болон түүний багийнхныг хэвээр үлдээх төсөл юм. Эрс шийдвэр гаргах тухай ерөнхийлөгч нэг бус удаа мэдэгдэж байсан болохоор ямар нэг нууц явуулга байгаа. Гэсэн ч түүний баг үндсэндээ хэвээр үлдлээ.
Михаил Фрадковын засгийн газар огцорсны дараа Оросын засаг захиргааны систем дүр төрхөө өөрчилж магадгүй хэмээн өөр нэг улс төрч Вячеслав Никонов үзэж байна.
Миний бодлоор В.Путин хүчний хэд хэдэн төв байх засаг захиргааны тийм систем бүрдүүлж эхлэх байх. Энэ нь дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тодорхой хэмжээгээр бие биенээ тэнцвэржүүлэх улс төрийн хүндийн жингийн төлөөлөх байх болно. Авилгатай тэмцэх ажлыг эмхлэхийн тулд Виктор Зубковыг энэ албан тушаалд томилсон байж магадгүй хэмээн Вячеслав Никонов тэмдэглэж байна. Улс төрч Алексей Пушков ч ийм байр суурьтай байна.
В.Путины сүүлд хийсэн мэдэгдлээс үзэхэд түүний сэтгэлийг хоёр зүйл зовоож байна. Төрийг сулруулж байгаа авилга, албан тушаалтнуудын ажлын бүтээмж сул байгаа зэрэг юм. Виктор Зубковын эрхэлж байсан албан тушаалыг бодолцвол хөрөнгө санхүүд хатуу хяналт тавьж, авилгыг үндсээр нь илрүүлэх нь засгийн газрын өмнө тавьсан зорилт байж болох юм.
Дэлхийн улс төрчид Оросын засгийн газар огцорсныг тус улсын дотоод хэрэг хэмээн үзэж байна. Засгийн газар огцорсноор Оростой тогтоосон харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт тэд итгэлтэй байна. АНУ хоёр орны өмнө тулгараад байгаа бодит асуудлыг шийдэхэд Оросын ямар ч засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Шон Маккормак тэмдэглэжээ.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>