Foto http://as.baikal.tv/phbaseУлаанбаатар хотын Үндэсний түүхийн музейд наймдугаар сарын 31-нд “Өвөг дээдсийн сүнс, хэнгэргийн дуу” сэдвт үзэсгэлэн нээгдэв. Энэ нь Эрхүү мужийн орон нутгийн түүхийг судлах музейн үзмэр юм. Юуны түрүүнд Эрхүү хотын музейн талаар хэдэн үг хэльеэ. Эрхүү мужийн орон нутгийн түүхийг судлах музей нь зүүн Сибирьт хамгийн томд ордог, хамгийн эртнийх нь юм. Нэрт түүхч Франц Кличка энэ музейг 1782 онд байгуулжээ. Музей түүх-соёлын өвийн үнэлж баршгүй дурсгалуудтай билээ. Нэрд гарсан Ази судлаачдын экспидицийн материал үндэс нь болох чухал баримтыг цуглуулсан нь Сибирийн энэ орон нутгийн музейн онцлог юм. Музейн сан хөмрөгт 230 мянга гаруй ширхэг түүхийн үнэт эдийг хадгалж байна. Энэ нь Монгол, Хятад, Солонгос, Камчатка, алс Дорнод, Сибирийн ард түмний ахуй, материаллаг болон шашны соёлыг харуулсан гэрэл зураг, баримт, эд зүйл юм. Татьяна Пушкины юу ярисныг сонсоё: «Зүүн Сибирийн уугуул иргэдийн шүтдэг бөөгийн шашинд зориулж “Өвөг дээдсийн сүнс, хэнгэргийн дуу” үзэсгэлэн гаргаж байгаа юм. Манай музей энэ үзэсгэлэнд 81 эд зүйлээ дэлгэн тавиад байна. Үзмэрээс хамгийн онцгой нь бөө, удганы зургаан бүрэн өмсгөл байгаа. Энэ өмсгөл нь XIX зууны дунд үе XX зууны эхэн үед хамаарна. Үүнээс гадна үзэсгэлэнд бөөгийн шашны янз бүрийн эд хэрэгсэл тухайлбал малгай, бойтог, титэм, хэнгэрэг, таяг зэргийг тавьжээ. Энэ эд хэрэгсэл нь Оростоо бөөгийн шашины холбогдолтой хамгийн ховор эд төдийгүй манай музейн хамгийн сонирхолтой цуглуулга юм. Улаанбаатарчууд есдүгээр сарын 21 хүртэл буюу гурван долоо хоногийн турш Эрхүү мужийн орон нутгийн түүхийг судлах музейн үзмэрийг үзэж, сонирхох боломжтой юм. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрхүү мужийн засаг захиргааны хамтын ажиллагааны хүрээнд үзэсгэлэнг Улаанбаатарт зохион байгуулж байна. Гурван жил бэлтгэсний дараа үзэсгэлэнг энд зохион байгуулж байна. Монголчуудад сонирхолтой байх үүднээс бид үзэсгэлэнгийн сэдвийг бид монголын мэргэжил нэгт нөхөдтэйгээ зөвлөж байгаад тогтсон юм. “Бид сэдвээ оновчтой сонгосон байсан” гэж үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон музейн захирал Людмила Колесник ярьжээ. Нийслэлийнхэн үзмэрийг их сонирхож байна гэжээ.
Асуулт: Монголын Үндэсний түүхийн музей Эрхүү мужид үзэсгэлэнгээ гаргах уу?
Татьяна Пушкина: «Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг жилийн дараа Эрхүү мужид зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Эрхүү муж, Эрхүү хотынхны сонирхолыг татаасай гэж бид их хүсч байгаа. Монголын үндэсний түүхийн музейд буддын шашны үзмэрийн маш сонирхолтой цуглуулга байдаг. Монголчуудын уламжлалт ахуй, хэв маяг сэдэвтэй үзмэрийг бид их сонирхож байна. Тус музейн бас нэг ховор үзмэр болох үлэг гүрвэлийн ясыг Эрхүү мужид авчирч, үзүүлэхийг их хүсч байна. Үүнийг авчирахад төвөгтэй гэдгийг бид ойлгож байна. Үзмэр овор хэмжээ их учраас тусгай байгууламж бэлдэх хэрэгтэй. Үзмэрийг тээвэрлэж авчирахад ч их зардал гарна. Энэ нь ч аргагүй. Хийж болохгүй юм гэж байхгүй гэж бодож байгаа. Үлэг гүрвэлийн ясыг авчирч чадахгүй бол монголчуудын амьдрал тухайлбал Чингис хааны үзмэрийг авчирч болох юм» гэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>