ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин засгийн газрын огцрох шийдвэрийг хүлээж авлаа. Ерөнхий сайд Михаил Фрадков Кремльд болсон уулзалтын үеэр засгийн газрыг огцруулах хүсэлтийг ерөнхийлөгчид тавьжээ. Улс орны амьдралд улс төрийн томоохон үйл явдал болох гэж байгаа, ерөнхийлөгчид чөлөөтэй ажиллах тухайлбал боловсон хүчний томилгоо хийх боломж олгох үүднээс ийм шийдвэр гаргасан гэжээ. Таны зөв ч байж болох юм гэж В.Путин түүнд хариулсан байна. 2008 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль, мөн парламентын сонгуулийн дараа улс орныг бэлдэх, мөн төр засгийн удирдлага, бүтцийг бүрдүүлж, эдгээрийг сонгуулийн өмнөх үед маш сайн нийцүүлэх цаг нь болсон гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ерөнхий сайдын албан тушаалд Виктор Зубковыг дэвшүүлж, Төрийн Думд хэлэлцүүлэхээр боллоо. Виктор Зубков Росфинмониторингийн даргын албыг хашдаг юм. Оросын парламентын доод танхимын дарга Борис Грызлов энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр Төрийн Дум ирэх баасан гаригт засгийн газрын шинэ тэргүүнийг баталж магадгүй ажээ.