Манай радио станц Австралид болж байгаа Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын Ажиллагааны чуулгын /АНЭХАЧ/ албан бус дээд хэмжээний уулзалтын үр дүнг үргэлжлүүлэн мэдээлсээр байна. Цаг уурын өөрчлөлт, олон талын худалдааны хэтийн төлөвийн асуудлаарх Австралид болж байгаа уулзалтын гол үр дүнг дээд хэмжээний уулзалтад оролцогч орны төрийн тэргүүн нарын тунхаглалд тусгасан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьж байна. Уг баримт бичигт олон талын худалдааны системийг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаарх үнэлгээ, олон талд тулгуурлан энэ системийг шинэчлэх уриаг мөн тусгасан байна. Гол саад тотгор нь Дэлхийн Худалдааны Байгууллагын хүрээнд Дохад болох худалдааны яриа хэлэлцээнд тулгараад байгаа бэрхшээлтэй холбоотой гэж сайд үзэж байна. Энэ тунхаглалд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, тогвортой, цэвэр хөгжлийн асуудлыг хөндсөн гэж Сергей Лавров тэмдэглэжээ. Улс төрч, эрдэмтэн, дэлхий нийтээрээ уур амсгалын өөрчлөлтөд түгшиж байгаа юм. Дэлхийн агаар мандалын дэлхийг хамарсан дулаарал нь юуны түрүүнд нүүрс төрөгчийн эсэл, давхар эсэл болох “хүлэмжийн хий”-ээс үүдэлтэй юм. Холбогдох цэвэрлэх байгууламжаар тоноглоогүй үйлдвэрийн байгууллага, авто машин агаарыг хамгийн их бохирдуулж байна. Харамсалтай нь АНУ, Хятад улс агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээр тэргүүлж байна. Оросын гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар энэ асуудлыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй гэнэ. НҮБ-ын ивээл дор энэ оны 12 дугаар сард Индонезид болох яриа хэлэлцээний бэлтгэл ажилд туслахыг уриалсан үндсэн хэд хэдэн зарчмыг Сиднейн тунхаглалд тусгасан тухай Сергей Лавров санууллаа. Зарим зарчмаас дурдвал: ирээдүйн бүх тохиролцоог өргөн хүрээтэй хамруулах, сайн дураар, хариуцлагатай хандах зэрэг юм. Агаар мандалд цацаж байгаа хорт бодисын хэмжээг үлэмж хэмжээгээр хязгаарлах тухай Киотогийн протоколын нэг сул тал нь агаарыг амгийн их бохирдуулж байгаа улс бүр агаарын бохирдлыг бууруулах талаар ямар нэг үүрэг хүлээхгүй байгаа юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>