Монголын үзэгч хүүхдүүд соёлын шинэ үйл явдлыг сонирхоно. Эрхүүгийн “Аистенок” хүүхэлдэйн театр есдүгээр сарын 11-ээс Монголд аялан тоглоно. Манай сурвалжлагч Ольга Иванова тус театрынхныг аялан тоглолтоор явахын өмнө театрын захирал Андрей Калиниченкотой ярилцжээ.
Асуулт:Танай байгууллага Монголын хүүхэлдэйн театртай эртнээс хамтран ажиллаж байна уу?
А.Калиниченко: "Эрхүүгийн хүүхэлдэйн театр, Монгол Улсын хүүхэлдэйн театр өнгөрсөн хавар уран бүтээлийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан юм. Бидэнд бне бнедээ үзүүлэх зүйл бий. Манайх өөрийн гэсэн сонирхолтой уламжлал, дэг жаягтай. Монголын хүүхэлдэйн театр ч ялгаагүй өөрийн дэг жаягтай. Монголын театр олон жилийн түүхтэй, манай театр арай эрт байгуулагдсан. Гэхдээ бид оросын хүүхэлдэйн нэг л сургалтаар энэ мэргэжлийг эзэмшсэн. Хамтын ажиллагааны хүрээнд бид аялан тоглолт хийхээр тохиролцсон юм. Энэ жил хийхээр төлөвлөж байгаа анхны алхам нь энэ. Бид хамтарсан хүүхэлдэйн жүжиг тавихар төлөвлөж байгаа. Монголын хүүхэлдэйн театрын жүжигчдийг өнгөрсөн тавдугаар сард Эрхүүгийн “Аистенок” хүүхэлдэйн театрынхан хүлээж авсан."
Асуулт: Одоо та бүхэн Монголд аялан тоглолт хийхээр төлөвлөж байна уу?
А.Калиничеко:"Бид Эрхүүгээс есдүгээр сарын 11-нд гарна. Монголын хүүхдүүдэд бид хоёр жүжиг үзүүлэхээр анх төлөвлөж байсан ч, нэг жүжиг үзүүлэхээр болсон. Бид тэдэнд “Баавгай болон Маша” орос ардын үлгэрээр хийсэн оньст хүүхэлдэйн жүжиг үзүүлнэ. Хүүхэлдэйн жүжгийн тайз засал чимэглэл маш сайн, мөн монгол хүүхдүүд энэ үлгэрийг сайн мэддэг учраас энэ жүжгийг сонирхуулахаар бэлдлээ."
Асуулт: Та бяцхан үзэгчдээ юугаар гайхшруулах вэ?
А.Калиниченко:"Нүүдлийн хувилбарт зориулж жүжгийн үеэр оньст хүүхэлдэйтэй ажиллах онцгой системийг бид бодож олсон. Уламжлалт хэлбэрээсээ арай өөр оньст хүүхэлдэйгээ хайрцган дээр шилжүүлэхээр бид шийдсэн. Үүнээс гадна манай зохион бүтээгч тайзан дээр байгалийн хөдөлгөөнт дүрс бүтээсэн нь үйл явдал бодитоор болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Бид мэргэжлийн олон чиглэлээр ажиллаж байгаагаа монгол нөхөддөө танилцуулахын үүднээс янз бүрийн жүжгийн олон хүүхэлдэй авч явна. Жүжиг эхлэхийн өмнө үзэгчдэд хүүхэлдэйгээ хөдөлгөж үзүүлж, танилцуулна. Бүх хүүхэлдэйг өнгө өнгийн будгаар будсан бөгөөд онцгой юм.
Асуулт:Та бүхэн аль хотод аялан тоглолт хийх вэ?
А.Калиниченко: "Монголын тал аялан тоглох газрыг эцэслэн шийднэ. Орос хэлний сургалттай олон сургууль байдаг Улаанбаатар, Эрдэнэт хотод бид тоглох нь тодорхой байгаа. Аялан тоглолт есдүгээр сарын 25-нд дуусна. Монголын тал соёлын хөтөлбөрийг бас бэлтгэж байгаа. Нилээд өргөн хүрээтэй сонирхолтой хөтөлбөр боловсруулж байгаа болов уу. Монголд очих хөтөлбөрийн агуулгыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Тэгсэн ч дээр байх. Биднийг гэнэтийн бэлэг хүлээж ч байж болох юм. Бндэнд шинэ мэдрэмж төрөх болов уу. Энэ боломжийг ашиглаад манай жүжгийг ирж үзэж, сэтгэлээ амраахыг урьж байна. "
Та бүхэн Эрхүүгийн хүүхэлдэйн театрын захирал Андрей Калиниченкотой хийсэн ярилцлагыг сонслоо. Аялан тоглолтын дараагаар бид театрынхантай холбоо барьж, тэдний сэтгэгдлийг хуваалцана. Жүжигчдийн гэнэтийн ямар бэлэг хүлээж байсныг театрын захирал бидэнд ярина биз ээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>