Сидней хотод есдүгээр сарын найманд нээгдэх АНЭХА-ны чуулган болохын өмнө бүс нутгийн хэд хэдэн оронд нийтэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илтгэлд энэ тухай дурджээ. АНЭХА-ны чуулган нь дэлхийн хамгийн ирээдүйтэй эдийн засгийн нэгдэл хэмээн ерөнхийлөгч В.Путин үзэж байна. Орос улс 1997 онд АНЭХА чуулганд элсэхдээ харгалзсан хүчин зүйлийн нэг нь энэ юм. Жилийн дараа тус улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болжээ. АНЭХА чуулганы байгууллагад элсэхэд геополитикийн нөхцөл байдлыг ч бас бодолцсон гэж оросын ерөнхийлөгч тэмдэглэжээ. Энэ нь цагаа олсон, үндэслэлтэй шийдвэр байсан гэж Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн профессор, улс төр судлаач Алексей Богатунов ярьж байна. Тэр хэлэхдээ: «Манай орныг улс төр, эдийн засгаар ганцаардуулж байсныг даван туулснаар Орос улс АНЭХА чуулганд амжилт гаргасан юм. Тус бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг Оросын оролцоогүйгээр хэлэлцэхгүй байлгын тулд Орос улс улс төрийн харилцааны салшгүй хэсэг болгох нь чухал байсан. АНЭХА чуулганд Оросын барьж байсан тэр бодлого буруу биш байсан нь харагдаж байна гэж улс төр судлаач Алексей Богатуров ярьж байна. АНЭХА чуулганы ажилд идэвхтэй хирнээ олон талаар аядуу байр суурь баримтлан оролцсон нь өнөө үед Оросын дорнын орнуудад баримтлах гадаад бодлогын чухал чиглэл болж байна. Ерөнхийлөгч В.Путин үүнийг анзаарч тус чуулгантай хамтран ажиллаж байгаа түвшин жил ирэх тусам нэмэгдсээр байгааг тэмдэглэжээ. АНЭХА чуулганы Хятад, АНУ зэрэг нөлөө бүхий гишүүд Оросын худалдааны тэргүүлэх 10 түнш орны тоонд ордог. Хэрэв Япон улсыг оролцуулбал дээрх улсууд хөрөнгө оруулалтын талбарт Оростой хамтран ажиллаж байгаа эхний 10 орны тоонд орж байна. Москва цаашид ч гэсэн АНЭХА чуулганы ажилд идэвхтэй оролцоно. Орос улс АНЭХА чуулганыг даргалснаар Орос болон түнш орнуудад асар их тустай юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн нийтлэл Сидней хотод хэвлэгдсэн өдөр АНЭХА чуулганы 2012 онд болох дээд хэмжээний уулзалтыг Владивостокт зохион байгуулах мэдүүлгийг тус чууланы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар дэмжсэн байна. Үүнтэй холбогдуулан В.Путин төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Владивостокт зохих түвшинд зохион байгуулахаа амласан юм. «Владивосток нь Азийн бүст ордог Оросын нутаг. АНЭХА чуулганы гишүүн орнуудад нэн шаардлагатай олон эх үүсвэр энэ нутагт бий. Гишүүн орнуудын төлөөлөгчид Оросын энэ хэсэгт ирвэл хамгийн тохиромжтой бөгөөд ажил хэргийн холбоог хөгжүүлэхэд тустай юм гэж би бодож байна гэж В.Путин тэмдэглэв.Цаашид харилцан ашигтай ажил хэргийн холбоо, чөлөөт худалдааны орон зайг бэхжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх нь юуны түрүүнд чухал. Ерөнхийлөгчийн хэлснээр Оросын гол зорилго бол АНЭХА чуулганы боломжийг ашиглан Ази номхон далайн интеграцчлалын механизмд Орос улсыг дээд зэргийн үр ашигтай, идэвхтэй оролцуулах нь Орос улсын гол зорилго юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>