Оросын нефть хийн компани нүүрс ус төрөгчийн түүхий эдийн экспортоо төрөлжүүлж байна. Өнөөгийн байдлаар гол төлөв Европын оронд нефть хий экспортолж байгаа бол яваандаа эрчим хүчний түүхий эдийг баруун, зүүн зүгт буюу Ази-Номхон далайн бүс нутагт нийлүүлнэ. Зүүн Сибирээс Номхон далай хүртэл нефть экспортлох хоолойг ашиглалтанд оруулснаар энэ стратегийг хэрэгжүүлэх боломжтой болно. Зүүн чиглэлд нефтийн экспортыг хөгжүүлснээр Хятад, өмнөд Солонгос, Япон зэрэг азийн орнуудын шинэ зах зээл Орост нээгдэнэ. Эдийн засаг нь хурдацтай өсч байгаа азийн орнуудад нефть, хийн эрэлт асар их байна. Төслийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж эхэлсэн. Хоолойн урт нийтдээ 4500 гаруй км. Хоолойн дөрөвний нэгийг хэдийн тавьж эхэлсэн гэж төслийг хэрэгжүүлэгч “Транснефть” компанийн ерөнхийлөгч Семен Вайншток хэлжээ. Тэр хэлэхдээ: «Бид хоолойн 1130 км тавьсан. Якути, Амур, Эрхүү мужийн бүх хэсэгт хэрэгжүүлэх ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байна. Энд ажил хэвийн үргэлжилж байгаа гэжээ. Зүүн Сибирээс Номхон далай хүртэл тавих хоолой нь жилд 80 сая тонн нефть нийлүүлэх хүчин чадалтай юм. Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хоолойг Хятадын нутаг хүртэл салаалуулан барина. Хятадад жилд 30 сая тонн, Номхон далайн эрэг хүртэл 50 сая тонн нефть нийлүүлэхээр төлөвлөж байна. Номхон далайн эргээс нефтийг тэнгисээр зөөвөрлөж, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад хүргэнэ. Оросын томоохон олборлогч компанийн нэг “Роснефть” компани нефть хоолойг түүхий эдээр хангах гол үүргийг гүйцэтгэнэ. Оросын түүхий эдийн гол импортлогч Хятад улсын гол түнш нь энэ компани байна. Сибирийн ордыг ашиглаж байгаа нефтийн бусад том компани Зүүн Сибирь болон Номхон далайн эрэг хүртэл үргэлжлэх хоолойгоор нефть нийлүүлэх өргөдлөө гаргаад байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>