“Оросын дуу хоолой” радио компани Сидней хотод болж байгаа Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд “Бүх Орос: А-аас Я нэвтэрхий толь” мультимедиа төслөө танилцуулж байна. Тус чуулганд төслийг танилцуулж байгаа компанийн албан ёсны төлөөлөгч Валентина Злобинагийн хэлснээр энэ бүс нутгийн олон орны шинэ сонсогч төслийг сонирхож байгаа ажээ. “Бүх Орос: А-аас Я нэвтэрхий толь” төсөл боловсролын хөтөлбөр юм. Оросын түүх, соёлд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс, үйл явдлыг үсэг болгоноор нэвтэрхий тольд өгүүлжээ. Нэвтэрхий тольны мэдээлэл, видео бичлэгийг байнга шинэчилж байгаа, толь бичиг өнөөгийн байдлаар оросын соёл иргэншлийн талаар мэргэжлийн түвшинд, нилээд дэлгэргүй өгүүлсэн хэмээн хүмүүсийн талархал хүлээгээд байна. Нэвтэрхий толийг дэлхийн долоон хэлээр хоёр СD диск, DVD дискэн дээр медиа форматаар бүтээжээ. Хэрэглэгч орос, англи, франц, хятад, герман, испани, япон хэлийг сонгох боломжтой. ЮНЕСКО “Оросын дуу хоолой” радиогийн энэ төслийг хүлээн зөвшөөрч, ивээлдээ авсан бөгөөд манай компани төслийн цуврал танилцуулгыг дэлхийн улс оронд амжилттай танилцуулах юм. Парис хотод нэгдүгээр сард болсон “Эксполанг-2007” хэл зүйн олон улсын үзэсгэлэнд нэвтэрхий толийг анх танилцуулжээ. Нэвтэрхий толийг танилцуулах хоёр дахь том хэмжээний ажил Сидней хотод болж байна хэмээн компанийн албан ёсны төлөөлөгч Валентийн Злобина ярьлаа. Тэр хэлэхдээ: «Дэлхийн ялангуяа Австралийн соёл, хүмүүнлэгийн салбарт ажилладаг янз бүрийн сан, мөн бизнес эрхлэгчид энэ бүтээлийг их сонирхож байна. Тэд нэвтэрхий толийг өндөр үнэлж байна. Оросын соёлыг сонирхолтой тайлбарласан, мөн орос хэл сургах мультимедиа бүтээл дэлхийд ховор байгаа болохоор энэ бүтээл нүдээ олсон гэж хэлж болно. Дэлхийн улс орон болон Орос улсад зориулж ийм бүтээл туурвиж байгаа цорын ганц радио компани бол “Оросын дуу хоолой” радио билээ. Энэ нь маш өргөн сонсогчдод хүргэхээр тооцсон боловсролын, соён гэгээрүүлэх ер бусын хөтөлбөр юм гэжээ. “Оросын дуу хоолой” радио компанийн гол зорилтын нэг бол оросын соёл- соёл иргэншлийн талаарх гадаадын иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна. Дэлхийн 160 гаруй орны 100 сая хүн манай радио нэвтрүүлгийг сонсдог. “Бүх Орос: А-аас Я нэвтэрхий толь” мультимедиа төслийн өөр нэг шинэ зориулалт нь соёлын яриа хэлэлцээ юм.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>