Foto http://www.altai-mount.ruИх Алтайн хил орчмын дөрвөн бүс нутгийн төлөөлөгчид “Бидний орон гэр Алтай”: Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс, Баян-Өлгий аймаг, Ховд аймаг, Казахстаны бүгд найрамдах улсын зүүн казахстан муж, Шиньжаан-Уйгурын автономит улс зэрэг Олон улсын зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байна. “Бидний нийтийн гэр-Алтай” олон улсын зохицуулах зөвлөл нь 2002 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд өнөөгийн байдлаар Алтайн бүс нутгийн хил орчмын нутаг дэвсгэрийн төрийн хууль тогтоох байгууллагын сайн дурын нэгдэл юм. Олон улсын тус зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд “Өөрийн гэрээсээ эхэл” экологийн экспедицид оролцсон Алтайн хязгаарын төлөөлөгчид баруун Монголд оросын соёлын өдөрлөгийг зохион байгуулахаар Монгол очоод ирлээ. Экспедицийн бүрэлдэхүүнд Алтайн улсын их сургуулийн багш, оюутан, дунд сургуулийн сурагчид, Алтайн урлагийн төлөөлөгчид багтаж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова “Природа Алтая” сонины редактор, экспедицийн ахлагч Сергей Малыхинтай уулзаж ярилцлаа.
Асуулт: Энэ экспедицийн талаар хэдэн үг хэлнэ үү?
Сергей Малыхин: “Өөрийн гэрээсээ эхэл” хүүхдийн олон нийтийн экологийн экспедиц байгуулагдаад хэдэн жил болж байна. Өнгөрсөн жил бид зүүн Казахстанд очсон, хоёр жилийн өмнө Алтайн бүгд найрамдах улсад очсон. Энэ жил олон улсын анхны экспедиц Монголд очихоор төлөвлөсөн юм. Тус экспедиц “Природа Алтая” сонины редакцийн дэмжлэгтэйгээр мөн тэдний удирдлаган дор боллоо. Алтайн дунд сургуулийн 34 сурагч урьд нь хүн явж байгаагүй маш хэцүү замаар аялсан. Тухайлбал Барнаул-Камлак /Алтайн бүгд найрамдах улсын ботаникийн цэцэрлэгт хүрээлэн/-Онгудай -Акташ-Ташант /Казахстан/-Баян-Өлгий- Ховд гэсэн чиглэлээр аялалаа. Буцахдаа 100 гаруй км үргэлжлэх энэ замаар явсан. Баян-Өлгий аймгаар дайраад Ховд хотод майхнаа босгосон».
Асуулт: Экспедицийн хүрээнд ямар арга хэмжээ зохиосон бэ?
Сергей Малыхин: «Экспедицийн гишүүд Хар ус нуурт очиж, Гурван цэнхэрийн ариун агуйг үзэж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лувсан гуайтай уулзсан. Энэ хүн хүүхдүүдэд ер бусын сэтгэгдэл төрүүлсэн. Лувсан ургамал, ногоо төдий л ургадаггүй Монгол орны байгалийн хатуун ширүүн нөхцөлд чимэглэлийн ургамал таридаг байна. Бараг 1000 гаруй мод тарьж ургуулсан түүний байгалийн задгай музейг хүүхдүүд үзэж сонирхосон. Мөн орон нутгийн түүхийг судлах музей ч үзсэн байна. Үүнээс гадна Ховдын их сургуулийн түүхийн ангийн багш Нямдорж Алтайн хүүхдүүд газар усныхаа түүхийг ярьж, эртний монголчуудын шашин шүтлэг, хадны бичээс зэргийг тайлбарлаж өгчээ. Үүний дараа хүүхдүүд автобусаар аялан, Ховдын түүх дурсгалын газар очжээ».
Асуулт: Хүүхдүүдэд тоглож наадах зав гарсан уу?
Сергей Малыхин: «14 болон түүнээс дээш насны хүүхдүүд экспедицэд оролцсон. “Алтай-Монгол” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болж, алтайн сургуулийнхан өрсөлдөгчөөсөө илүү оноо авсан ч, энэ тохиолдолд ямагт найрамдал ялдаг шүү дээ. Манай багийн бүрэлдэхүүнд хоёр монгол хүүхэд тоглосныг энд зайлшгүй хэлэх хэрэгтэй. Энэ хоёр хүүхэд биднийг тэнд байх хугацаанд тосч авч, байнга тусалж байсан. Сагсан бөмбөг гайхалтай сайн тоглодог Энго нэртэй хүү байгаагүй бол бид хожихгүй л байсан болов уу. Алтайн болон монгол хүүхдүүд хамтарсан концерт тоглож, шүлэг уншиж, дуу дуулж, бүжиг бүжиглэсэн. Ер нь их хөгжилтэй байсан.
Асуулт: Танд маш олон сэтгэгдэл төрсөн байх. Танд болон хүүхдүүдийн сэтгэлд хоногшсон зүйл юу вэ?
Сергей Малыхин: «Хамгийн гол нь монголчууд ер бусын сэтгэлгээтэй гэдэгт үнэмшлээ. Монголчуудын тусархуу зан бидний сэтгэлийг хөдөлгөсөн. Хүүхдүүдийн аялсан Монголын нутагт автомашины зам бараг байгаагүй. Бид автобуснаасаа буугаад “КАВ3” маркийн машинд шилжин суухаас аргагүй болсон. /тэнд зөвхөн УАЗ болон КАВ3 машин байдаг./ Бидний туулсан замын хамгийн хэцүү хэсэг нь энэ байсан. Манай хүүхдүүд хамгийн түрүүнд зорилгодоо хүрсэн. Төр засгийн байгууллагын төлөөлөгчид, нутгийн хүмүүс, монгол хүүхдүүд Алтайн үе тэнгийн хүүхдүүдийг халуун дотно хүлээж авсан нь бидний сэтгэлийг хөдөлгөсөн. Ховд аймгийн засаг дарга Нямаа биднийг Буянт голын эрэг дээр майхнаа зооход хүрч ирсэн. Ховд аймгийн төвд залуучуудын хамтарсан концерт болсон. “Алтай бол бидний нийтийн гэр” олон улсын зохицуулалтын зөвлөлийн хүрээнд нилээд хэдэн жил ажиллаж байгаа хүүхдийн экспидицийн баттай замыг алтайн дунд сургуулийнрхан монгол анд нартайгаа тависан гэж аялалын анхны үр дүнг Сергей Малыхин онцоллолоо.
Асуулт: Энэ боломжийг ашиглаад та монгол анд нартаа дамжуулах зүйл байна уу?
Сергей Малыхин: «Юуны түрүүнд биднийг халуун дотно хүлээн авч, тусалж дэмжиж байсан хүмүүст талархамаар байна. Хатагтай Нямаа, Мөнхөө, Цоомоо болон биднийг сайхан хүлээн авсан бусад хүмүүст талархаж байна. Шинэ анд нөхөддөө ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Дахин уулзаж, холбоо барина гэдэгт найдаж байна. Хүүхдийн ирээдүйн аялалын замыг бид хамтдаа үргэлжлүүлсэн».
Асуулт: Та цаашдаа юу төлөвлөж байна. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Сергей Малыхин: «Бид мэдээж хэрэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Барнаулд ирсэн даруйдаа хүүхдийн майхант хот байгуулах тухай депутатуудтайгаа санал солилцсон. Ингэснээр хоёр талын айлчлалыг хөнгөвчилж, хялбарчилна. Зочид буудалд мөнгө төлөхгүй. Хүүхдүүдэд ч сонирхолтой байна. Ирэх жилээс хүүхдийн майхант хотхоныг байгуулна гэж бодож байна. Үүнээс гадна бид хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон. Манай талаас “Модоо хамгаалъяа”, “Модоо таръяа” аян өрнүүлэх санал тавьсан. Монголын тал ч үүнийг их сонирхосон. Бид монголын мэргэжил нэгт нөхөддөө зориулж шаардлагатай бичиг баримтыг бэлтгэж эхлээд байна. Мод хамгаалж, суулгах хамтарсан арга хэмжээгээ бид хичээлийн шинэ жилээс эхлүүлэх бодолтой байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>