Foto http://www.tarusa.ruТатарстаны бүгд найрамдах улсын Елабуга хот байгуулагдсаны 1000 жилийн ой боллоо. Ойг тохиолдуулан олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар хөтөлбөрт тусгасан юм. Герман, Финлянд, Испани, Итали, Нидерланд зэрэг гадаадын 15 орон энэ арга хэмжээнд оролцох мэдүүлгээ өгчээ. Дээрх орноос гадна хотыг үр нөлөөтэй хөгжүүлэх асуудал эрхэлсэн Олон улсын чуулганы байгууллага энэ арга хэмжээнд бас оролцсон байна. Түүхийн дурсгалт зүйлийг эвдэж сүйтгэлгүйгээр том болон жижиг хотыг хөгжүүлэх сэдвээр уулзалт хийжээ. Елабуга хот үүний үлгэр жишээ байж болох юм гэж манай сурвалжлагч Юлдуз Крепостина ярьж байна. Татарстаны хувьд онцгой чухал хуучны худалдааны жижигхэн хотын дүр төрхийг хадгалж хотын хуучин барилгыг өөрчлөн засах бус сэргээн засварлаж байна. Өнөөгийн Татарстан болон хэд хэдэн газар нутгийг өөртөө нэгтгэсэн VII-VIII зууны үеийн Волжскийн Булгарийн эзэнт улс хилийн цайз босгосноор Елабуга хотын түүх эхэлдэг юм. Цайзны үлдэгдэл өнөө хир хадгалагдсаар ирсэн тухай Татарстаны нэрд гарсан археологич Фаяз Хузин ярьж байна. Бид газрын хөрсний хэд хэдэн үе давхаргыг судлаад байна. Монголын үе хүртлэх, алтан орд, казаний хаанчлалын үе, оросын үе зэрэг газрын хөрсний үе давхаргыг тогтоосон. Тус хот X-XI зууны үед үүсгэн байгуулагдсаныг бид судалгаагаар баталсан. Түүнээс гадна энд хотын хүн амын олонх нь оршин суудаг байсан гэдэгт бид итгэлтэй байна гэж Фая Хузин тэмдэглэв.Ойн өдрөө тэмдэглэж буй тус хот түүх-архитектурын хосгүд эд зүйлээрээ алдартай юм. Тухайлбал: оросын алдарт зураач Иван Шишкин, яруу найрагч Мария Цветаева зэрэг цуутнуудын алдар нэртэй холбоотой байшин энд бий гэж Татарстаны ерөнхийлөгч Минтимер Шаймиев ярилаа. Тэр хэлэхдээ: «Александр Радишев, Алексей Толстой гэх мэт тухайн үеийн нэрт зохиолчид энд ирж байжээ. Сод авъяастан бүх уран бүтээлчид манайд цуглаж байсан. Зураач Иван Шишкины ачаар л Елабугийн үзэсгэлэнт байгалийг дэлхий даяар үнэлсэн шүү дээ» гэжээ. Хотын ойг тохиолдуулан Елабугийн нутаг дэвсгэрт орших “Алабуга” эдийн засгийн онцгой бүст хийж гүйцэтгэсэн ажлыг танилцууллаа. Эдийн засгийн онцгой бүсийн захиргааны байр, замын дэд бүтэц, гаалийн дамжин өнгөрөх цэг зэргийг ашиглалтад өгчээ. Эдийн засгийн онцгой бүсийн хөгжилд зориулж энэ оны сүүлээр 160 сая орчим доллар зарцуулахаар төлөвлөж байна. Баярын үеэр дайны болон цэргийн клубын оролцогчид Елабуга хотыг үүсгэн байгуулсан газар өөрсдийн үндэс угсааны ахуйг харуулсан тайз зассан байна. Тухайлбал Алтан ордын цэргийн дайралтаас цайзыг хамгаалж буй байдлыг үзүүлжээ. Дундад зууны үеийн хоол хүнс, Елабуга хотоос олдсон эртний олдворын музей, нум сум харвааны бай, уран гартнуудын хийж бүтээсэн зүйлийг баярын үеэр үзэж сонирхох боломжтой байлаа.Елабуга хот байгуулагдсаны 1000 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээний үеэр хотын талбайд спорт соёлын арга хэмжээ, концерт, бүх нийтийн өргөн зугаалга болжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>