Орос улс 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ төлөөлгчдийн тус улсад хийсэн анхны айлчлал амжилттай боллоо. Тус хорооны төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж, ойрын долоон жил оросын түншүүдтэй хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Хоёр өдрийн уулзалтаар ОУОХ-ны шинжээчид, “Сочи-2014” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид наадмын бэлтгэл ажлын хамтарсан алхамыг боловсрууллаа. Гватемалид болсон ОУОХ-ны хурлаас хойш анхны уулзалтаар дэлхийн олон орны спортын түшмэд Наадмын бэлтгэл ажил эхэлсэн тухай анхны мэдээлэл хүлээж авсан гэж “Сочи-2014” хорооны тэргүүн Дмитрий Чернышенко ярилаа. «Бидний уулзалт мэдээллийн чанартай боллоо. Бид түншүүддээ олимпийн дэд бүтцийн барилгын ажлын хуваарь, одоо үргэлжилж байгаа төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Өвлийн наадмыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад экологийн асуудлыг тусгайлан танилцуулсан байгаа. Одоо ид өрнөж байгаа зохион байгуулах хороог байгуулах асуудлыг ч дэлгэрэнгүй танилцуулсан гэж Д.Чернышенко хэллээ. Оросын түншүүдийн хийсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид мэдэгдсэн байна. Оросын тал тус хорооны гишүүдийн тавьсан бүх асуултанд хариулсан. Тухайлбал зохион байгуулах хороо байгуулах явц ямаршуу байгаа талаар. Наадмыг зохион байгуулах болон бэлтгэл ажлыг хангах хариуцлагыг Зохион байгуулах хороо Олон улсын олимпийн хорооны өмнө хүлээх юм. Олон улсын олимпийн хорооны олон жил хуримталсан туршлагыг Сочи хотод зохион байгуулах наадамд тохируулан авч ашиглахад бэлэн байгаагаа оросын тал мэдэгдсэнийг олимпийн хорооны гишүүд өндөр үнэлсэн юм. Оросын зохион байгуулах хороо болон ОУОХ-ын зохицуулалтын комисс мастер төлөвлөгөөнд тулгуурлан хамтран ажиллана. Үүнд наадмын бүх шатны бэлтгэл ажлыг тусгах юм. Тухайлбал санхүүжилт, дэд бүтцийн чанарыг үнэлэх шалгуур, наадмыг зохион байгуулах үеэр мөрдөх дүрэм журам зэрэг болно. ОУОХ-ны дүрэм журамд нийцүүлэн шат дараалсан удирдамжийг боловсруулж, үүний баталгаа болгон ОХУ-ын засгийн газар, ерөнхийлөгч В.Путин энэ талаар мэдэгдэл хийгээд байгаа юм. Орос улс хүлээсэн үүргээ энэ мастер төлөвлөгөөний хүрээнд биелүүлэх бодолтой байгааг ОУОХ-ны шинжээчид анхны айлчлалаар баталлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>