Оросын хуурай замын зэвсэгт хүчний ерөнхий штаб Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ “Энхийн даалгавар -2007” олон улсын хамтарсан цэргийн сургуулийн үр дүнг өндөр үнэллээ. Энэ тухай хуурай замын зэвсэгт хүчний төлөөлөгч хошууч генерал Владимир Глебов мэдэгдсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай тоймч Александр Редченко хүргэнэ.Оросын талаас цэргийн сургуулийг удирдсан ерөнхий командлагчийн орлогч, хурандаа генерал Владимир Молтенскийн удирдлаган дор болсон цэргийн сургуулийг үр дүнг Москва дахь хуурай замын зэвсэгт хүчний Ерөнхий штабд авч хэлэлцлээ. Цэргийн сургуульд оролцогчид ажлын нэгдсэн журам боловсруулж чадсан бөгөөд терроризмын эсрэг ажиллагаа явуулах арга зам, хэлбэр, журмын талаарх нэгдсэн ойлголтттой болж, зургаан орны цэргийг оролцоотой байлдааны ажиллагааг хамтран төлөвлөж сурсан байна. Хятадын Урумчи хотод наймдугаар сарын есөнд эхэлсэн “Энхийн даалгавар-2007” цэргийн сургууль нь ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль хотын нийт цэргийн сургуулийн талбайд наймдугаар сарын 17-нд дууссаныг энд сануулъяа. Цэргийн сургуулийн агуулгаар хуурай замын болон агаарын десантын хүчний анги нэгтгэл, мөн зэвсэгт хүчнүүдийн тусгай анги нэгтгэлүүд террористуудыг устгаж, үйл ажиллагааг саармагжуулах ёстой байсан юм. ШХАБ-ын бүх гишүүн орны зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд оролцсон цэргийн анхны сургуульд 7500 хүн оролцож, Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан зэрэг орны 1500 орчим байлдааны техник ашиглажээ. Хятадын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий штаб цэргийн сургуулийн үр дүнг нааштай үнэлсэн байна. Терроризмын эсрэг хамтарсан тэмцэл явуулах цэргийн сургуулийн зорилго биелсэн, үүнийг маш сайн гүйцэтгэсэн гэж Ерөнхий штабын шуурхай албаны орлогч дарга дэд хурандаа Лу Чуаньган мэдэгджээ. БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн тамгын газрын дарга дэд хурандаа Цы Говэй, “Энхийн даалгавар -2007” цэргийн сургуул нь ШХАБ байгуулагдсан зургаан жилийн хугацаанд болсон хамгийн том арга хэмжээний нэг бөгөөд терроризмын эсрэг тэмцлийн талбарт чухал үйл явдал боллоо гэж үнэлсэн байна. Стратегийн үүднээс авч үзвэл цэргийн сургуулийн төлөвлөгөө, бэлтгэл ажлыг маш өндөр түвшинд хангасан гэж Цю Говей хэлжээ. ШХАБ-ын зургаан орны цэргийн анги нэгтгэлүүдийн нягтрал, зохицуулалт, мөн нэгдсэн байдлыг цэргийн энэ сургууль харууллаа гэж тэрээр хэлсэн байна. Хамгийн гол нь цэргийн сургуулиар ШХАБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчин болон ард түмний хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүллээ хэмээн Цы Говей онцлон тэмдэглэжээ.
Чебаркулийн цэргийн сургуулийн талбайд болсон “Энхийн даалгавар-2007” сургуулийн гол хэсгийг үзэж сонирхосон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сургууль сайн болсон хэмээн хэлсэн юм. Цэргийн ажиллагаа ШХАБ-ын хувьд чухал бөгөөд зонхилох үүрэг гүйцэтгэхгүй гэж төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. Түүгээр ч барахгүй ШХАБ нь хаалттай, эвслийн байгууллага биш гэжээ. Бид цэргийн сургуулийг зөвхөн ШХАБ-ын гишүүн орнуудтай зохион байгуулаад зогсохгүй НАТО-ийн гишүүн орнуудтай ч, хамтарсан сургууль хийдэг гэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>