Халимаг, Монголын эрдэмтэд эрдэм шинжилгээний хамтарсан төслөө дуусгалаа. “Орос, Монголын ойрдууд: түүх болон орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын экспедиц Элст-Улаангом-Ховд-Элс чиглэлийн замаар аялжээ. Ямар учраас аялалын энэ замыг сонгосон бэ? Гэсэн манай сурвалжлагч Ольга Ивановын тавьсан асуултанд Оросын Эрдэм шинжилгээний академийн хүмүүнлэгийн ухааны судалгааны хүрээлэнгийн захирал, экспедицийн удирдагч Нина Очирова ийнхүү хариулж байна.
«Манай өвөг дээдэс ойрдуудын оршин сууж байсан баруун Монголын нутгаар манай экспедиц аялаад ирлээ. Халимагийн ард түмэн сайн дураар Орос улсад нэгдсэний 400 жилийн ой, монгол судлаач эрдэмтэн, академич Б.Владимирцовын экспедицийн 100 жилийн ойг тохиолдуулан энэ аялалыг зохион байгуулсан. Тэрээр бүхий л амьдралаа ойрдуудын ахуй амьдрал, түүхийг судлахад зориулсан. Буддын шашны хөгжил, уламжлалт соёлыг хөгжүүлэх, ойрдуудын орчин үеийн аж амьдралтай танилцаж, судлахад аялалын гол зорилго оршиж байсан. Энэ нь орчин цагийн нийгмийн амин чухал асуудал юм. Баруун монголын ойрдууд үндэсний өв соёлоо маш сайн хадгалж үлджээ. Эрдэм шинжилгээний цаашдын ажилд ашиглахын тулд энэ бүхэнтэй танилцаж, судлахад бидэнд их сонирхолтой байсан. Хамгийн гол нь баруун монгол нь манай өвөг дээсийн эх нутаг болохоор 20 хүний бүрэлдэхүүнтэй маш том баг тийшээ аялсан» гэж Нина Очирова ярилаа.
Асуулт: Танай аялал хэр болсон бэ?
Нина Очирова: «Экспедиц Увс аймгийн Улаангом хотоос аялалын гараагаа эхэлж, баруун Монголын хоёр суманд очсон. Увс аймгийн засаг дарга Бат-Очир бидэнд аян замдаа сайн явахыг ерөөж, нутгийн иргэд Халимагийн элч, төлөөлөгчдийг тэсэн хүлээж байсныг дурдаад, манай хоёр бүс нутгийн эрдэм шинжилгээний байгууллага хамтран ажиллах тухай, боловсон хүчнээ солилцох гэрээ байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм гэж Нина Очирова ярилаа. Экспедицид оролцогчдыг Боршоо хилийн цэг дээр эртний уламжлалын дагуу сүү, хадагтай угтан авч, хамрын тамхиа солилцсон байна. Ёслолын арга хэмжээний турш эрт дээр халимагуудын дуулж хуурддаг байсан хөгжмийн зэмсгээр тоглосон. Монголын тал манай экспедицийг маш сайхан хүлээж авсан. Тус аймгийн Сагил суманд л гэхэд бидэнд зориулан бөх барилдуулж, морь уралдуулсан».
Асуулт: Танай эрдэм шинжилгээний аялалын зорилго биелсэн үү?
Нина Очирова: «Мэдээж хэрэг. Аялалын үеэр эрдэмтэд баруун Монголын ойрдуудын уламжлал, соёл, аж ахуйтай танилцсан. Бид малын бэлчээрт очиж, Монгол Алтайн уулын дагуу урсдаг Үүрэг нуур хүртэл нутгийн хүмүүстэй хамт хонь хариулсан. Үүнээс гадна бид малчин ардын гэрийг хэрхэн барьж, булгадаг, мах сүүн бүтээгдэхүүнээр уламжлалт хоол хүнс хэрхэн бэлддэг, эсгий, бугуйл, хазаар, ташуур зэрэг хэрэгслийг хэрхэн хийхийг үзэж харсан. Үндэсний зан заншил, хөөмий зэргийг эрдэмтэд маш их сонирхосон. Үүнээс гадна экспидицийн хүрээнд Халимаг-Монголын эрдэмтэд Ховд, Улаангом хотын их сургуулиуудад дугуй ширээний уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Ялангуяа Ховд хотод “Баруун Монголын соёл болон шашин” сэдэвт маш сонирхолтой бага хурал болсон».
Асуулт:Таны үзэж харсан зүйлээс хамгийн их сэтгэлд хоногшсон зүйл юу вэ?
Нина Очирова: «Зуун жил өнгөрсөн ч энэ газар байгалийн онгон төрхөө хадгалж үлджээ. Энд манай өвөг дээдсийн эртний хэв шинж хадгалагдсан. Нутгийн ардуудтай ярьж хөөрхөд бэрхшээл гараагүй. Ойрдуудын үр сад бие биенээ төвөггүй ойлголцож байсан. Монгол ардын уртын дуу эгшиглэж, халимагийн цог жавхаатай бүжиг бүжиглэж эхлэхэд сэтгэл дундуур үлдсэн хүн байгаагүй».
Асуулт: Танай экспидицийн үр дүн ямар байх вэ?
Нина Очирова: «Халимагийн судлаачид бүр эртнээс баруун Монголд аялахаар төлөвлөж байсан. Оросын халимагуудтай нэг үндэстэн болох 270 мянга орчим ойрд энд оршин суудаг. Баруун Монголын ойрдуудыг сүүлийн 100 жилд анх удаа бүрэн судалгаа хийсэн нь энэ юм. Бид төлөвлөснийхөө дагуу аялалын үеэр Монголын ойрдуудын аж амьдрал, түүх, соёл, уламжлалтай танилцсан. Үүнээс гадна археологи, түүх, хэл шинжлэл, ардын аман зохиол болон бэлчээрийн мал аж ахуйгаар эрдэм шинжилгээний судалгаа хийсэн. Бид хуучин халимаг хэлээр бичсэн уран зохиолын түүх дурсгалт багагүй материал, эрдэм шинжилгээний цаашдын ажлын үндэс болох олон материал цуглуулсан. Хэрэв энэ бүхэн амжилттай болбол бид заавал та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцана».

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>