ОХУ-ын байгалийн нөөцийн асуудал эрхэлсэн яамны сайд Юрий Трутнев Хятад улстай хил дамнасан усны асуудлаар байгуулах гэрээ бэлтгэх ажлын хэсэг байгуулах захирамжинд гарын үсэг зурлаа. Гэрээг “Хил дамнасан усыг зохистой хэрэглэх, хамгаалах талаар хамтран ажиллах” тухай гэж нэрлэх ёстой юм. Ийм гэрээ байгуулах шаардлага хэдийнэ бий болжээ. Гол мөрний эрэг дээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдлыг тухайлбал Сунгари зэрэг Амар мөрөнд цутгадаг гол усанд хаяхгүй байх талаар арга хэмжээ авахыг Орос улс Хятадын талд нэг бус удаа мэдэгдэж байсан. 2005 оны намар Сунгари голд хаясан хог хаягдлаас гол асар их бохирдсон юм. Тухайн үед голын усанд 100 орчим тонн бензол асгасан бөгөөд мэдээж хэрэг бохирдсон ус Амар мөрөнд цутгасан орсон байна. Азаар тухайн үед экологийн сүйрэл болоогүй. Гэхдээ энэ асуудлыг хойш тавилгүй шийдэх хэрэгтэй болох нь тодорхой болсон юм. Энэ асуудлыг маш өндөр түвшинд авч хэлэлцсэн байна. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Зиньтао нарын уулзалтын үеэр уг асуудлыг хөнджээ. Хоёр орны холбогдох яамдын төлөөлөгчид энэ оны зургаадугаар сард дээрх асуудлыг зөвлөлдөх орос-хятадын хоёр дахь шатны протоколд гарын үсэг зурсан байна. Протоколд зааснаар гурав дахь шатны зөвлөлгөөн энэ оны есдүгээр сард Хятадад болно. ОХУ-ын усны нөөцийн агентлагийн орлогч дарга Евгений Хиленкийн мэдэгдсэнээр, ОХУ болон БНХАУ энэ жил хил дамнасан усны объектыг хамгаалах, ашиглах тухай гэрээ байгуулах боломжтой гэжээ. Мөн усны аж ахуйн асуудлаар ажилладаг мэргэжилтэн солилцох гэнэ. Усны нөөцийг бохирдуулснаас хоёр талын хүлээх хариуцлагын талаар гэрээнд заасан зүйлийг авч хэлэлцэж байна. Энэ баримт бичгийг 1997 оноос хойш боловсруулж байгаа тухай Хиленко ярилаа. Оросын тал бэлдсэн төслөө таван удаа Хятадын талд танилцуулж байжээ. Дөнгөж 2006 оноос энэ асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Ойрын үед яриа хэлэлцээ амжилттай өндөрлөнө гэж найдаж байна. Хабаровскийн хязгаарт оршин суудаг нанай, нивхов ястны хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн сүүнд агуулагдаж байгаа химийн бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3,6 дахин их байгаа юм. Хүүхдүүдийн дунд халдварт минингит өвчин дэгдэж байгаа нь асар их түгшээж байна. Голын ус их бохирдсоноос нальхай хорхой, яргай загас зэрэг усны төрөл зүйл амьтанд мутац явагдаж байгаа аж. Тэгэхлээр Орос, хятадын хооронд хил дамнасан усны асуудлаарх гэрээ байгуулах асуудлыг хойш тавьж хэрхэвч болохгүй юм. Аль болох түргэн энэ гэрээг хүчин төгөлдөр болгох шаардлагатай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>