Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/-ын гишүүн орнуудын саяхан болсон дээд хэмжээний уулзалт, мөн тус байгууллагын терроризмын эсрэг “Энхийн даалгавар-2007” цэргийн сургуулийн талаар одоо хир дэлхийн улс орнууд өргөн хүрээнд авч хэлэлцсээр байна. Энэ талаар Их Британийн “Гардиан” сонинд бичихдээ Америк хүчтэй эсэргүүцсэн ч, дэлхийн олон туйлт журам аажмаар зөв байгуулагдаж байна гэжээ. ШХАБ дэлхийн олон туйлыг баталгаажуулахад идэвхтэй ажиллаж байна гэж хэлэх нь зөв болов уу. Энэ байгууллагын бүрэлдэхүүнд геополитикийн хүчтэй төв болох Орос, Хятад улс багтдаг. Мөн Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан зэрэг улс ШХАБ-ын гишүүн билээ. Үүнээс гадна Монгол, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг улс тус байгууллагад ажиглагчийн статустай байгаа нь ШХАБ-ын нэр хүнд, нөлөөг үлам бэхжүүлж байна. Манай дэлхийн хүн амын тал хувийг ШХАБ-ын гишүүн орнуудын нийт хүн бүрдүүлж байна.
ШХАБ нь АНУ, НАТО эсвэл Япон зэрэг улсын эсрэг зогсохын тулд байгуулагдаагүй, харин олон улсын хамтын ажиллагааг өргөжүлэхээр анх байгуулагдсан болохыг ойлгох хэрэгтэй юм. ШХАБ-ыг байгуулах Тунхаглал, тус байгууллагын хартид энэ тухай тусгасан байдаг. Европ болон далайн чанадад байгаа зарим улс төрч, шинжээчид энэ байгууллагыг НАТО-ийн эсрэг, мөн Варшавын гэрээний байгууллагын үргэлжлэл хэмээн үзэж байгаа нь шуулуухан хэлэхэд зохисгүй юм. Үүнийг саяхан Киргизстаны нийслэл Бишкект болсон дээд хэмжээний уулзалт баталлаа. Эндээс олон улсын тус байгууллага нээлттэй, эвслийн бус байгууллага болох нь харагдсан. Тэгш эрх, харилцан бие биенээ хүндэтгэх, бүх талын ашиг сонирхлыг харгалзах зэрэг зарчимд тулгуурлан олон улсын түншлэлийн төлөө байгаа нь энд сайшаасан баримт бичгээс илт байна. ШХАБ-ын бүх орон эдийн засгийн хамтын ажиллагаа, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, терроризмтай тэмцэх, мансууруулах бодисын наймааг таслан зогсоох, орчин үед тулгарах бусад аюул заналаас урьдчилан сэргийлэх сонирхолтой байна. Олон талын механизмын хүрээнд, мөн зөвших үндсэн дээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэж байж энэ зорилтуудыг амжилттай биелүүлнэ гэж гишүүн орнууд үзэж байна. Нэг талын ажиллагаагаар тулгарсан бэрхшээлийг даван туулж чадахгүй. Бишкект болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч В.Путин дэлхийн бүх улс орныг хөгжүүлэхэд боломж, аюулгүй байдлыг адилхан хангах олон улсын системийн олон туйлыг бэхжүүлэхэд онцгой их анхаарчээ. Зарим хүнд таалагдсан, эс таалагдсан ч, ШХАБ-ын нэр хүнд, боломж сүүлийн зургаан жилд асар их өссөн. Энэ нь амьдралаас урган гарсан объектив үйл явц юм. ШХАБ-ыг ил болон далдуур шүүмжлэгчид дэлхийн хамгийн нөлөө бүхий төвүүдийн нэг болох тус байгууллага улам хүчирхэгжиж байгаатай яалт ч үгүй тулгарна.

Орчуулагч  Г.Наравгарав

<сонсох>