Олон улсын олимпийн хорооны Гватемалд болсон сүүлийн хуралдааны үеэр Олимпийн наадмын жишигт хүрэх дэлхийн залуучуудын тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлагатай байна гэсэн түүхэн шийдвэр гаргасан юм. Оросын олимпийн хороо анх энэ тэмцээнийг зохион байгуулах санал гаргаж, Москва хотыг наадмыг зохион байгуулах нийслэлээр нэр дэвшүүлжээ. Ийм шийдвэр бүхий захидлыг Лозанн дахь Олон улсын олимпийн хорооны төв байранд өнөөдөр хүргэнэ. Дэлхийн спортын хөдөлгөөний хүлээн зөвшөөрсөн төвүүдийн нэг бол Оросын нийслэл билээ. Саяхан л гэхэд энд хоккей, хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, төрөл бүрийн спортын дэлхийн цом булаалдах тэмцээн уралдаан амжилттай болж өнгөрсөн. Залуучуудын наадам зохион байгуулах саналыг Москва гаргаж, үүнийг 1998 онд амжилттай зохион байгуулж байжээ. Дэлхийн спортын од болон товойсон оросын тамирчдын олонхи нь Москвад болсон энэхүү уралдаанд түрүүлж, тамирчны гараагаа эхэлж байжээ. Тухайлбал хөнгөн атлетикийн тамирчин Елена Исинбаева, Юрий Борзаковский, гимнастикч Алина Кабаева, теннисчин Елена Дементьева нарыг дурдаж болно. “Залуучуудын наадам бол өөрийнхөө хүч чадлыг идэр залуудаа мэдрэх боломж төдийгүй бас сургууль болдог” гэж уран сэлэлтийн Олимпийн хоёр удаагийн аварга Анастисия Ермаков ярьж байна. Энэ мэт тэмцээн л өөрийн хүчинд итгэх итгэлийг төрүүлдэг. Их спортод анх хөл тавьж байгаа залууст Москва энэ удаа дахин боломж олгоход бэлэн байна. Үүгээр ч барахгүй Москва хотын захиргаа хүүхэд залуусын дунд спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, спортын янз бүрийн төрлийн хэдэн зуун сургууль ажиллаж, тэмцээн уралдаан зохиож байна гэж Москва хотын дарга Юрий Лужков ярив. «Наадмыг зохион байгуулахад бидэнд бэлэн бааз суурь бий. Одоогоор Олимпийн хорооны тодорхойлсон спортын бүх 26 төрлийг зохион байгуулах хүчин чадлатай спортын дөрвөн том төв байгаа. Гурван мянга гаруй залуу тамирчдыг хүлээж авах газар ч манайд бий. Янз бүрийн үндэстэн, өөр өөр шашин шүтлэгтэй залуус тэмцээн уралдаанд оролцохыг харгалзсан бүх нөхцлийг бүрдүүлэхэд бэлэн байна. Хамгийн гол нь Москва хотын иргэд наадмыг нийслэлд зохион байгуулахад нааштай хандаж байна» гэж Юрий Лужков тэмдэглэв.Олимпийн билэг тэмдэг таван цагаригтай олимпийн бамбарыг бадраах нээлт хаалтын ёслолын ажиллагаа зэрэг залуучуудын анхны наадам насанд хүрэгчдийн наадмын бүхий л онцлог шинжийг хадгалсан байна.Тэмцээн уралдааны тоо болон дүрэм журмын тоо л өөрчлөгдөх гэнэ. Энэ наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Москва анх мэдэгдсэн. Яваандаа нэр дэвшигч хотуудын нэр тодорхой болно. Наадмыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпийн хороо 2008 оны хоёрдугаар сард зарлана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>