Иракийн армийн офицеруудын олонх нь америкчүүдийн найдвартай түнш болсон гэж америкийн улс төрчид баталсан нь олон  нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэх гэсэн арга юм. Иракчуудын олонхи нь америкийн зэвсэгт хүчнийг дөрвөн жилийн хугацаанд улс орны хурцадмал байдлыг намжааж чадаагүй халдан түрэмгийлэгч хүчин хэмээн үздэг байна. АНУ-ын агаарын десантын 82 дугаар ангийн долоон түрүүчийн “Интернэшнл геральд трибун” сонинд бичсэн захианы агуулга ийм утгатай байлаа.Америкийн түрүүч нар Иракт 15 сар алба хаагаад одоо нутаг буцах гэж байна. АНУ-д очихын өмнө эдгээр түрүүч нар Иракт алба хаасан сэтгэгдлээ хуваалцахыг хүсчээ. Иракийн армийн офицеруудын олонхи нь манай найдвартай түнш болсон хэмээн мэдэгдэж байгаа нь “төөрөгдөлд оруулж байгаа” хэрэг гэж түрүүч нар захиандаа дурдсан байна. Тэд захиандаа АНУ Иракт сэжигтэй холбоотон, шийдсэн дайсантай тулгарч байгаа гэжээ. Дөрвөн жилийн хугацаанд бид амлалтынхаа ганцыг ч биелүүлээгүй бөгөөд БААС намын дарангуйлалыг хүчирхийлэл гэмт хэрэг, лалын шашинтнуудын дарангуйлал болгон өөрчилсөн гэж америкийн цэргийнхэн үзэж байна. Иракт америкийн цэрэг цөмрөн орсноор иракчуудыг дарангуйлагчдын савраас аварсан ч, нөгөөтэйгүүр энэ ард түмний сайн талыг үгүй хийсэн. Биднийг халдан түрэмгийлэгч арми хэмээн нэрлэж, нутгаасаа хөөн гаргах нь сайн талаа эргүүлж олж авах шилдэг арга болохыг тэд удахгүй ойлгоно. Иракт америкчүүдийг халдан түрэмгийлэгчид хэмээн үздэг нь шинэ зүйл биш юм. Америкийн цэргийнхэн өөрсдийгөө халдан түрэмгийлэгчид хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь шинэ зүйл гэж хэлж болно хэмээн Оросын стратегийн үнэлгээ, задлан шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ярилаа. Иракчуудийн олонхи нь америкийн армийг халдан түрэмгийлэгчид хэмээн үздэг нь илт байдаг гэж Сергей Демиденко ярьж байна. Үүнтэй холбоотойгоор иркачууд америкийн цэргүүдийг нутгаасаа гарахыг шаардаж чадна. 2003 онд америкчүүд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр Иракт байлдааны ажиллагаа явуулах тогтоол гаргуулсан ч, үнэн чанартаа тэд халдан түрэмгийлэгчид юм. Энэ ч аргагүй юм. Учир нь америкийн армийнхан НҮБ-ын зөвшөөрөлгүй Иракийн нутагт цөмрөн орсон гэж Сергей Демиденко ярилаа. Америкийн түрүүч нарын бичсэн энэ захидал АНУ-ыг цочролд оруулжээ. Тэд бол ялагдагчид биш. Тэд зөвхөн АНУ-ын засаг захиргааг бодит байдалд анхаарлаа хандуулахыг л хүсч байгаа юм. Түрүүч нарын бичсэн энэ захидал бол Иракийн мах нядалгааны цус, бузар муухай бүхнийг туулж, сэнхэрсэн цэргийн дүрэмт хувцастай хүмүүсийн бодол. Хэзээ нэг цагт Америкийн ард түмний олонхи нь энэ түрүүч нартай санал нэгтэй болох байх. Нилээд нөлөө бүхий улс төрчид ч гэсэн мөн ийм байр суурьтай байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтын саяхан гарсан номонд Цагаан ордны Иракийн талаар баримталж байгаа бодлогыг эрс шүүмжилжээ. Мадлен Олбрайтын үзэж байгаагаар Бушийн засаг захиргаа Ирак, Афганистанд байлдааны ажиллагаа явуулснаар лалын шашинтнуудыг АНУ-ын эсрэг болгоод зогсохгүй америкийн Европ дахь уламжлалт холбоотны итгэлийг тодорхой хэмжээгээр хөсөрдүүлсэн гэжээ.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>