Орос улс агаарын орон зайд жижүүрт гарсан нь тус улсын геополитикийн нөлөө нэмэгдсэний баталгаа юм. Дэлхийн алслагдсан бүс нутагт стратегийн нисэх хүчний нислэгийг сэргээх тухай ерөнхийлөгч В.Путины гаргасан шийдвэрийн талаар хийсэн үнэлгээний ихэнх нь ийм утгатай байна. Наймдугаар сарын 17-нд ОХУ-ын янз бүрийн нутаг дэвсгэрийн долоон нисэх буудлаас 14 стратегийн пуужин тээгч нисэх онгоц, түүнчлэн түлшний нисэх онгоц хөөрчээ. Арван таван жил завсарласны эцэст агаарт анх удаа нийт 20 орчим нисэх онгоц байлдааны жижүүрт гарсан байна. Эдгээр нисэх онгоц сөнөөгч нисэх онгоц, алс радиолокацийн илрүүлэх төхөөрөг бүхий нисэх онгоцны хамт Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далайн дээгүүр нислэг үйлдэнэ. Эргүүл хийж буй пуужин тээгч нисэх онгоцны дотор далавчныхаа хэлбэрийг өөрчилдөг дэлхийн хамгийн том байлдааны нисэх онгоц болох Ту-160 хэт авианы бөмбөгдөгч нисэх онгоц байгаа аж. Нисэх онгоцууд 13 мянган километрийн зайд нислэг үйлдэж, цөмийн цэнэгтэй 12 далавчит пуужингаар зэвсэглэжээ. Цохилт өгөх хүчээр Ту-160 бөмбөгдөгч нисэх онгоцыг гүйцэх онгоц одоогоор байхгүй юм.
Одооноос эхлэн Оросын стратегийн нисэх хүчин эргээд агаарын орон зайд тогтмол эргүүл хийнэ. Юуны түрүүнд Оросын эдийн засаг болон усан тээвэр идэвхтэй үйл ажиллагаа өрнөдөг бүс нутагд эргүүл хийх ажээ. Цэргийн шинжээч Виктор Литовкин “Маяк” радиостанцад өгсөн ярилцлагадаа Орос улс агаарт байлдааны жижүүрээ сэргээснээр олон туйлт дэлхийд өөрийн байр сууриа тодорхойлж байна. Тэр ярихдаа: «Миний бодлоор Орос улс өнөөгийн байдлаар дэлхийн хүчний төв байх эрхээ эдэлж байна. Бид хэний ч ашиг сонирхлыг хөндөж, хэнд ч заналхийлээгүй. Орос улс хэн нэгний дур зоргоор хөдөлдөг улс орон биш гэдгийг бид харуулна» гэж оросын шинжээч цохон тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн шийдвэрийн талаар хийсэн тайлбартаа, манай түнш улсууд стратегийн нисэх хүчний нислэгийг сэргээснийг ойлгон хүлээж авна гэдэгт бид найдаж байгаа гэжээ. Түүний хэлсэн талаар болсонгүй. АНУ-ын засаг захиргаа стратегийн нисэх хүчнийг сэргээх тухай мэдээг тайван хүлээн авчээ. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Гордон Жондро оросын цэргийнхэнтэй бид маш сайхан харилцаа тогтоосон гэжээ. Түүний хэлснээр, оросын талын энэ санаачлага Вашингтонд гэнэтийн үйл явдал биш байсан гэнэ. Германы канцлерийн зөвлөх асан Микаэль Стурмер энэ талаар илүү тодорхой мэдэгдэл хийсэн юм. Орос улс стратегийн нисэх хүчний нислэгийг сэргээсэн нь бүрэн үндэстэй хэмээн тэрээр үзэж байна. Барууныхан тухайн үедээ НАТО-г өргөжүүлж хэтрүүлсэн, Орос улс дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзлэхийг хүсч байгааг ойлгоогүй бөгөөд Москвагийн тухайд их алдаа гаргасан юм гэж тэрээр хэлжээ.

Орчуулагч Г.Нарангарав
<сонсох>