Энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бишкект болж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ. Дээд хэмжээний уулзалтад Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистаны удирдагчид оролцож байна.
Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлснээр тус байгууллагын гишүүн орны ашиг сонирхолд нийцэх бүс нутгийн төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж ОХУ-ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Саяхан эхэлсэн эрчим хүчний яриа хэлэлцээ, үндэсний эрчим хүчний үзэл баримтлал боловсруулах, эрчим хүчний клуб байгуулах зэрэг нь ШХАБ-ын хүрээнд цаашид хамтран ажиллах чиглэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.
Тээврийн дэд бүтцийг шинэчлэх, европ болон азийн тээврийн замыг холбох зэрэг асар том боломж ШХАБ-ын орон зайд нээгдэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч үзэж байна.
ШХАБ-ын орнуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх нь гол зорилт хэвээр байна. Юуны түрүүнд хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, терроризмын зүгээс учрах аюул заналыг сааруулах нь чухал юм. Үүнтэй холбогдуулах ОХУ-ын Ерөнхийлөгч ШХАБ-ын янз бүрийн орны нутаг дэвсгэрт терроризмын эсрэг цэргийн сургуулийг тогтмол хийх санал тавьжээ. Терроризмтай хийж буй тэмцлийн хүрээнд хамтран ажиллах, харилцан зөвлөгөө өгөх боломжийг өргөжүүлэх нь чухал хэмээн тэрээр үзэж байна. Терроризмын эсрэг бүс нутгийн түншлэлийн сүлжээ байгуулах хүч чармайлтыг улам идэвхжүүлэх саналтай байгаагаа тэрээр мөн илэрхийллээ.
Энэ нь ч үндэслэлтэй юм. ШХАБ-ын терроризмын эсрэг бүс нутгийн байгууллага нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, мөн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орны терроризмын эсрэг төвтэй тогтооосн харилцаагаа тууштай бэхжүүлж байна. Шинэ аюул заналын эсрэг ажиллах асуудлаар ШХАБ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа АСЕАН-ын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн бүс нутгийн чуулганы төлөөлөгч нэг бус удаа мэдэгдэж байсан юм. ШХАБ энэ салбарт НҮБ-тай илүү ойр дотно хамтран ажиллавал манай ашиг сонирхол нийцэх билээ хэмээн Оросын ерөнхийлөгч тэмдэглэв.
Орос улс бүх орныг хөгжүүлэх боломж, аюулгүй байдлыг тэгш хангасан олон улсын олон туйлт системийг бэхжүүлэх байр суурьтай байгаа гэж В.Путин хэллээ. Глобалчлагдаж байгаа ертөнцийн салшгүй хэсэг бол аюулгүй байдал хэмээн тэрээр нэмж хэлсэн байна. Дэлхийн болон бүс нутгийн асуудлыг дангаараа шийдвэрлэх аливаа оролдлого нь хэт ирээдүйгүй болохыг тэрээр мөн онцоллоо.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>