ОХУ, Хятад болон төв Азийн дөрвөн орны цэрэг, офицерууд даваа гаригт цэргийн сургуулийн идэвхтэй үеэр өөрсдийн үйл ажиллагаагаа давтсан байна. Наймдугаар сарын 17-нд энэ сургуулилтыг ШХАБ-ын орнуудын дээд удирдлага, Орост томилогдсон цэргийн атташе нар сонирхоно. Цэргийн сургуулийн талаар манай тоймч Константин Гарибов ярьж байна.
Дэлхийн аливаа улс орон, янз бүрийн бүс нутагт болж байгаа цэргийн хамтарсан сургуулийн үеэр байнга боловсруулдаг төлөвлөгөөтэй энэ сургуулилтын санаа олон талаар ижилхэн байсан. Одоогийн байдлаар ШХАБ-ын нутаг дэвсгэрийн тодорхой улсад улс төрийн дотоод байдал хурцадаад байгаа юм. Хууль ёсны засаг захиргааг унагахын тулд салан тусгаарлагчид болон сөрөг хүчнийхэн зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр зэхэж байна. Тиймээс Шанхайн “зургаагийн” түнш улсууд “Энхийн даалгавар” терроризмын эсрэг хамтарсан ажиллагаа явуулах шаардлага гарч байгаа юм.
ШХАБ-ын орнууд даваа гаригт Оросын өмнөд Уралын сургуулилтын талбайд холбогдох даалгаврыг биелүүлэх өөрсдийн боломж, чадвараа үзүүлсэн байна. Сургуулилтад хуурай замын хүчний дөрвөн мянга гаруй цэргийн албан хаагч, агаарын десантын анги нэгтгэл, армийн болон дайралтын нисэх хүчний нисэх онгоц оролцлоо.
Орос болон Хятадын цэргийнхэн сургуулилтад илүү өргөн хүрээтэй оролцсон байна. Энэ хоёр улс хоёр жилийн өмнө анх удаа ШХАБ-ын хүрээнд Хятадын нутаг дэвсгэрт үүнтэй төстэй цэргийн сургуулилт хийсэн юм. ШХАБ-ын цэрэг улс төрийн чиглэлийг бэхжүүлснээр бүс нутгийн тус байгууллагын үүрэг роль дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байна гэж Геополитикийн асуудал эрхэлсэн Академийн дэд ерөнхийлөгч Константин Соколов ярив.
ШХАБ-ын геополитикийн ач холбогдол асар их. Энэ нь дэлхийн олон туйлт хүчний төвүүдийн нэг юм. Өнөөгийн байдлаар дэлхийд зонхилох гэсэн бусад хүчнүүд байр сууриа алдахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. ШХАБ-ын орнууд, АНУ-аар толгойлуулсан эвслийн орнуудын ашиг сонирхол хоорондоо зөрчилдөх нь гарцаагүй. Дэлхийд ус, нефть, хий болон бусад ашигт малтмалын эх үүсвэр, нөөцийг эзэмших гэсэн тэмцэл өрнөж байна. Энэ бүх баялаг ШХАБ-ын орнуудын нутаг дэвсгэрт бий. Тэгээд ч, гишүүн орнууд хамтын хөгжлийн төлөө энэ баялгийг ашиглах сонирхолтой байгаа юм гэж Константин Соколов нэмж хэлэв.
Энэ сургуулилтын үеэр Оросын тал ШХАБ-ын хүрээнд цэргийн хамтын ажиллагааны нэгдсэн үзэл баримтлал боловсруулахыг түнш орнууддаа санал болгосон юм. ШХАБ-ын орнуудын цэрэг улс төрийг бэхжүүлэх нь гуравдагч орны ашиг сонирхлын эсрэг чиглээгүй болохыг Ерөнхий штабуудын удирдлагууд онцлон тэмдэглэсэн байна. Евразийн геополитикийн асар уудам орон зайд эдийн засгийн амжилттай үйл ажиллагаа явуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад энэ нь чухал баталгаа болох юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>