Пуужингийн энэ шинэ системийг цэргийн бүлэглэлийн агаарын довтолгооноос хамгаалахад ашиглахаас гадна чухал объектыг тактикийн болон стратегийн нисэх хүчний нисэх онгоц, баллистик болон далавчит пуужингийн довтолгооноос хамгаалах үүрэгтэй юм. С-400 систем нь шинэ төрлийн байг устгах өндөр хүчин чадалтай аж. Тухайлбал “Стелс” үл үзэгдэгч-нисэх онгоцыг ч устгаж дөнгөх гэнэ. Цэргийнхний хэлснээр оросын шинэ системтэй техник шинж чанараараа дүйцэх систем дэлхийд байхгүй гэнэ.
Оросын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Алмаз” нэгдлийн зохион бүтээгчид С-400 “Триумф” зенитийн пуужингийн цогцолборыг бүтээжээ. Уг систем байгаа бүхнийг устгахаас гадна ирээдүйд бий болох агаарын довтолгооны хэрэгслийг сөнөөх хүчин чадалтай юм. ОХУ-ын Агаарын цэргийн хүчний ерөнхий командлагчийн туслах Александр Дробюшевскийн яриснаар “Триумф” үр ашгийн шалгуураар одоо дэлхийд байгаа системээс гурав дахих илүү байгаа аж.
С-400 систем нь бараг 10 метрийн өндөрт байгаа өөрөөр хэлбэл байлдааны ашиглалтын бүх өндөрт онгоц болоод далавчит пуужинг устгаж чадна. Тэгвэл америкийн “Пэтриот” цогцолбор нь 60 метрийн өндөрт байгаа байг устгадаг байна. Орчин үеийн байлдааны ажиллагаанд агаарын довтолгооны хамгаалалтыг нам дор нэвтлэх нь олонтаа аж. Пуужингийн босоо харвах төхөөргийн ачаар С-400 систем харвах төхөөргөө эргүүлэлгүй аль ч чиглэлээс нисч ирсэн байг устгах чадалтай ажээ. Үүнээс гадна цогцолборыг богино хугацаанд байлдааны бэлэн байдалд оруулах боломжтой гэнэ. Хэрэв оросын цогцолборыг тав хүрэхгүй минутанд байлдааны бэлэн байдалд оруулдаг бол америкийн цогцолборыг байлдааны бэлэн байдалд оруулахад 30 минут болох аж.
“Триумф” нь зенит-пуужингийн төгс цогцолбор болох тухай Оросын болон гадаадын цэргийн шинжээчид ярьж байна. С-400 системийг агаарын довтолгооноос хамгаалахад ашиглаад зогсохгүй, Оросын аж үйлдвэрийн томоохон төвд пуужингийн довтолгооноос хамгаалахад ашиглах юм.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>