Энэ уулзалт наймдугаар сарын 16-нд Киргизстаны нийслэл Бишкек хотноо болох юм.
Орос, Хятад, Киргиз, Казахстан, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын орнуудын удирдлага дээд хэмжээний уулзалтад оролцоно. ШХАБ-ын хөгжилд Оросын оруулж буй хувь нэмрийн талаар манай сурвалжлагч Елена Студнева ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч тус улсын ГХЯ-ны онц эрхт элчин сайд Леонид Моисеевтэй хөөрөлджээ.
Орос улс бусад орны саналыг харгалзан ШХАБ-ын хөгжилд үнэхээр үр бүтээлтэй хувь нэмэр оруулж байна. ШХАБ-ын орнуудын өмнө тулгарч байгаа хэмээн бидний үзэж буй гол зорилтыг биелүүлэхэд энэ байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэхийг бид зорьж байгаа билээ. Тус байгууллага аюулгүй байдлыг хангахад үр бүтээлтэй ажиллах ёстой. ШХАБ-ын хүрээнд наймдугаар сарын 17-оос анх удаа терроризмын эсрэг өргөн хүрээтэй цэргийн сургуулийг Оросын нутагт хийж гэж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Цэргийн сургуулийг Оросын санаачлагаар хийж байгаа. Тус байгууллага эдийн засгийн чиглэлд идэвхтэй ажиллах ёстой гэж бид үзэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих дэд бүтэц, харилцаа холбооны сүлжээ бий болгох нь чухал болохыг ШХАБ-ын гишүүн бүх орон анхааралдаа авах шаардлагатай байна. ШХАБ-ын орнуудын орон зайд бид эдийн засгийн төсөл хэрэгжүүлэх боломжтой. Тус байгууллагын хүрээнд соёлын салбарт хамтран ажиллах чиглэлийг Орос улс тодорхой түвшинд тодорхойлж, үүнд идэвхтэй оролцож байна. Мөн энэ байгууллагын хүрээнд боловсролын салбарт бид тэргүүлэгч байхыг чармайж байна. ШХАБ-ын хүрээнд эрүүл мэндийн салбарт одоо хэрэгжиж байгаа анхны төслийг юуны түрүүнд Оросын хүчээр хэрэгжүүлж байна. Бид хамтдаа ажиллаж, бусдад нийцсэн шийдвэр гаргахыг чармайж байна. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлгөөний хүрээнд анагаах ухааны салбарт улсын болон төрийн байгууллагатай хамтран ажиллах гэх мэт хэт ирээдүйтэй, сонирхолтой сэдвийг авч хэлэлцдэг. Эрүүлийг хамгаалах салбарт хувийн бизнес эрхэлэхэд төрөөс шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх тухай энд ярьдаг.
Эдийн засгийн хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын асуудал хариуцсан олон улсын холбооны системд ШХАБ-ыг байр суурь эзлүүлэх.
Олон улсын байгууллагын системд ШХАБ онцгой байр суурь эзэлдэг. Юуны түрүүнд ШХАБ цаг үеэ олж байгуулагдсаны дээр үйл ажиллагааныхаа гол чиглэлээ зөв тодорхойлсон юм. Эхэндээ энэ байгууллагын үйл ажиллагаа төв Азид шинээр бий болсон хэт даврах, салан тусгаарлах үзэл, терроризмын аюул, өдөөн хатгалагтай тэмцэхэд чиглэж байсан. Манай хятад анд нөхдийг тодорхойлсноор энэ “гурван хорлол”-той тэмцэх асуудлыг зохицуулдаг олон улсын хууль эрхийн баримт бичгийг боловсруулахад ШХАБ онцгой хувь нэмэр оруулсан билээ. Гэсэн ч, тус байгууллага бас өөр асуудлыг шийдэх шаардлагатай болохыг амьдрал харууллаа. Одоо тус байгууллагын гишүүн орнууд маш өргөн хүрээтэй асуудлыг шийдэхэд хамтран ажиллаж байна. Бишкект болох уулзалтаар “Урт хугацааны хамтын ажиллагаа, эв найрамдал, сайн хөршийн харилцааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурахад хамтын ажиллагааны энэ чиглэл зохих ёсоор тусгал болно. Энэ гэрээ нь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй чиглэлийг тодорхойлж байгаа юм. Юуны түрүүнд тус байгууллага төв Ази, ОХУ, Хятад болон ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө тулгарч байгаа тулгамдсан асуудлыг авч үзнэ. Тус байгууллагын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон асуудлууд ажиглагч орнуудад сонирхолтой байж болно. Нэгдүгээрт эдийн засаг, эдийн засгийн хамтын ажиллагаагүйгээр сайн хөршийн харилцаа тогтооох бат бэх суурийг тавих аргагүй юм. Дараа нь аюулгүй байдал, энэ урьтал асуудлын нэг хэвээр байна. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол асуудлын нэг бол мансууруулах бодисын наймаатай тэмцэх юм. Афганистанаас орж ирж байгаа мансууруулах бодисын урсгал хэлбэрэлтгүй нэмэгдэж байгаа нь төв Ази, ОХУ, Хятадын санааг их түгшээж байгаа бөгөөд энэ нь төв Азийн орнуудын тулгамдсан асуудлын нэг учраас хамгийн түрүүн авч хэлэлцэх асуудал болоод байна. Шинэ өдөөн хатгалгын бүх асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллах бодолтой байна. Тухайлбал энэ чиглэлээр ажилладаг АСЕАН, Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагатай хамтран ажиллах юм. Энэ асуудалтай тэмцэхийн тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж бодож байна. Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудал орсон байгаа. Эрүүл мэндийн асуудал ШХАБ-ын хүрээнд чухал сэдвийн нэг болоод байна. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа төв Азид анх удаа халдварт өвчинтэй тэмцэх үр нөлөөтэй хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь юуны түрүүнд Оросын анагаах ухааны бааз дээр суурилсан юм. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан өөр нэг чухал сэдэв бол соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ байна. ШХАБ өөр соёл, түүх, шашинтай орнуудыг нэгтгэдэг. ШХАБ-ын гишүүн орнууд шашин, соёлын ялгааг үл харгалзан харилцан ойлголцож, хамтран ажиллаж байгаа сайн жишээний нэг билээ. Соёл болон соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний тухайд ШХАБ-ын орнууд олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлэх юм бий гэж бодож байна.
Бишкект болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ талаар болон дээд хэмжээний уулзалтын бусад сэдвийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, тус улсын Гадаад Хэргийн Яамны онц эрхт элчин сайд Леонид Моисеевтэй хийсэн дараагийн ярианд хөндөнө.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>