- ОХУ-ын еренхийлөгч Владимир Путин 2007 оныг ОУ болон дэлхий дахинд орос хэлний жил болгон зарласаныг та нар мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан «ОДХ» радио Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Шинжлэх Ухаан, соёлын оросын төв, бас МОНЦАМЭ агентлагийн хэвлэл «Новости Монголии» сонины газартай хамтран сонсогчдын дунд «Орос хэл Монголд» уралдаан зарласан билээ.
- Бид энэ уралдааныг бур 1-р сард зарлахдаа уралдаанд оролцохыг хүссэн хүмүүст гурван сэдвийн нэгээр зохион бичлэг бичихийг санал болгосон.
- Эхний сэдэв нь Би яагаад орос хэл сурсан, сурч байгаа буюу сурахыг хүсч байна вэ?
- Хоёр дахь сэдэв – Орос хэл Монголд өчигдөр, өнөөдөр.
- Гуравдахь сэдэв нь Орос орноор миний хийх аялалын зам.
- Уралдааны болзол ёсоор комисс орос хэлээр бичсэн, монгол хэлээр бичсэн, 14 хүртэлх насны сурагч, 2007 онд дунд сургууль төгсөгчийнх гэсэн дөрвөн ангиллаар ирүүлсэн бүтээлийг авч үзэх ёстой.
- Уралдааныг ивээн тэтгэсэн «Базовый элемент» компани «2007 оны төгсөгч» ангилалд түрүүлэгчийн Плехановын нэрэмжит Академийн Улаанбаатар дахь салбарт суралцах зардлыг даана гэсэн билээ.
- Өнөөдөр бид энэ ангилалд түрүүлэгчийн нэрийг хэлнэ, гэхдээ уралдаан бүр дуусаагүй, түүнд ирүүлэх бүтээлийг 9-р сарын 15 хүртэл хүлээж авна.
- Энэ ангиллын шагналтныг бид яагаад эрт тодруулж байна вэ? гэвэл тэр 9-р сарын 1 гэхэд хичээлдээ орох ёстой.
- Гэхдээ энэ онд монгол дунд сургууль төгсөгчид манай «Орос хэл Монголд» уралдаанд төдий л идэвхтэй оролцоогүйг хэлэх хэрэгтэй. Тэднээс цөөхөн бүтээл ирсэн.
- Хүүхдүүд зав муутай байсан байж болох юм?
- Зарим нь ийм шагнал хүртэнэ гэдэгт ердөө л итгээгүй байсан гэж би бодож байгаа юм. Гэхдээ «Базовый элемент» компани худал ярьдаггүй. Энэ оны 1-р сарын 1-нээс ажиллаж эхэлсэн «Орос Улс –Монгол Улс. ХХI зуун» гэсэн тус компанийн сан энэ шагналыг гаргажээ.
- Анхаараарай, энэ шагналыг хэн авав. Плехановын нэрэмжит академийн Улаанбаатар дахь салбарын дэргэдэх лицейг төгссөн Уламбаяр авлаа!
- Одоо манай нэвтрүүлгийг Уламбаяр өөрөө, түүний аав ээж, найз нөхөд сонсож байгаа байх аа. Уламбаяр, чамд баяр хүргэе. Сайн байна!
- Манай уралдаанд түрүүлэгч «Орос орноор миний хийх аялалын зам» гурав дахь сэдвээр зохион бичлэг ирүүлсэн. Уламбаяр 2004 онд ээжийнхээ хамт Эрхүү хотоор аялж, Байгал нуурт амарсан тухайгаа бичсэн байсан. Зохион бичлэгийг орос хэлээр сайн бичсэн байна. Тэр Байгал нуурт хэрхэн амарсан, модон уран барилгын «Тальцы» музейг үзсэн тухайгаа маш тодорхой бичжээ. Тэр үзэж харсан зүйлээ сэтгэл хөдөлгөм, маш урнаар бичсэн байна.
- Тэр зохион бичлэгийг өөрөө бичсэн, зарим хүн шиг номноос хуулаагүй учир шилдгээр шалгаруулав.
- Одоо би Уламбаярын зохион бичлэгээс ишлэл татахыг хүсч байна. Тэр бүтээлийнхээ төгсгөлд «Би зен совинд итгэдэг. Тэгээд тэр сайхан нутгаас явахдаа сүүлд эргэж ирнэ гээд Байгал нуурт мөнгө хаясан».
- Уламбаярыг «2007 оны дунд сургууль төгсөгч» ангилалд шалгаруулсан комиссын шийдвэр гармагц бид түүн рүү утастаж, «Базовый элемент» компанийн УБ дахь төлөөлөгчийн газарт очиж, Плехановын нэрэмжит академийн салбарт суралцах бичиг баримтаа авахыг хэлсэн. Гэтэл төлөөлөгчийн газарт тэр хүүгийн аттестатыг үзэж, орос хэлээр сайн ярихыг нь сонсоод, компапийн зардлаар Эрхүү хотын техникийн их сургуулийн уул уурхайн факультетэд суралцах санал тавьсан гээд бод л доо.
- Зөн совинд итгэх ийм байдаг байна шуу! Уламбаяр Эрхүү хотод суралцаж, Байгал нуурт олонтаа очих нь ээ.
- Москвад бид Уламбаярын зохион бичлэгийг «Базовый элемент» компанийн ерөнхий захирлын зөвлөх Олег Михайлович Дерковскийд зохион бичлэгийг үзүүлэхэд тэр манай уралдаанд түрүүлэгчид хандаж ингэж ярилаа.
- Манай компани энэ уралдаанд түрүүлсэн Уламбаярт баяр хүргэж, түүнд цаашдын сурлага хөдөлмөрт тань амжилт хүсч, Орос улсын нэгэн дээд сургууль Эрхүү хотын техникийн их сургуулийн уул уурхайн факультетэд суралцахад стипенд өгөхөөр амлаж байна. Уламбаяр амжилттай суралцаж, сургууль төгссөн диплом өвөрлөөд, Монгол Улс, түүний ард түмний тусын тулд ажиллана гэж «Базовый элемент» компани итгэж байна. «Базовый элемент» компани орос хэл амжилттай сурч байгаа монголын бүх хөвгүүд, охидыг хойшид ч дэмжинэ гэж хэлэхийг хүсч байна.
- Одоо Уламбаяртай хийсэн ярилцлага нэвтрүүлье. «Новости Монголии» сонины сурвалжлагч Огторгуймааг Улаанбаатар хотод түүнтэй уулзахыг бид хүссэн юм. Энэ сонин «Орос хэл Монголд» уралдааныг хамтран зохион байгуулсныг та нар санаж байгаа байх. Бичлэгийг залгая.
- Манай уралдаан үргэлжилж байгааг дурдая. Бид 9-р сарын 15 хүртэл зохион бичлэг хүлээж авна. Тэгээд комисс орос хэлээр бичсэн, монгол хэлээр бичсэн, 14 хүртэлх насны хүүхдийнх гэсэн гурван ангиллаар шалгаруулна.
- Уралдаанд түрүүлэгсдэд аравдугаар сард Улаанбаатар хот дахь Оросын Шнжлэх Ухаан, соёлын төвд сайхан бэлэг гардуулна.
- Тиймээс та нар «Орос хэл Монголд» уралдаанд бүтээлээ ирүүлэхээ түргэвчлээрэй. Хугацаа бага үлдээд байна шуу!

Орчуулагч П. Шагдар

<сонсох>