АНУ 62 жилийн тэртээ 1945 оны наймдугаар сарын зургаанд Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан билээ. Үүнээс гурав хоногийн дараа Японы Нагасаки хотод мөн бөмбөг хаясан байна. Япончуудын тооцоолсноор бөмбөгөнд өртөж амиа алдсан мөн цацарагийн хордлогоор амьсгал хураасан хүмүүсийн тоо 350 мянгаас хол давжээ.
Үй олноор хөнөөх зэвсэг ашиглах цэргийн шаардлага байгаагүй юм. Европт дэгдсэн дайн 1945 оны тавдугаар сард фашист Германы ялагдлаар дууссан байлаа. Зөвлөлт холбоот улс милитарист Японы эсрэг давшиснаар фашист Германы холбоотон тус улсын хувь заяа хэдийнэ шийдэгдсэн байсан юм. Гэсэн ч, АНУ ийм алхам хийжээ. Үүний цаана улс төрийн санаархал байсан. “Атомын бөмбөгийн үр дагаварын тухай цагаан номонд” тэмдэглэснээр Вашингтон XX дугаар зууныг “Америкийн зуун” болгох гэсэн санаархалаас үүдэн Японы Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясан гэж Японы нэрт эрдэмтэд үзэж байна.
Юуны түрүүнд энэ үйлдэл нь зөвлөлтийн эсрэг чиглэж байжээ. Үндсэндээ дайны дараах эхний жилүүдэд далайн чанадад үүнийг нуухгүй байсан юм. Гарри Трумэний хэлснийг иш татая. Тэрээр Сталинтай уулзах байсан Потсдамд болох бага хуралд оролцохын өмнө шадар хүмүүсийнхээ нэгтэй уулзахдаа атомын бөмбөгийн туршилтын талаар дурдсан байжээ. “Бөмбөг дэлбэрвэл эсрэг талаа айлган сүрдүүлэх хэрэгсэлтэй болно” гэж Трумэн мэдэгдсэн байна. Атомын бөмбөг бүтээх Манхэттэний төслийн удирдагч генерал Гровс энэ талаар түүнээс ч илүү нээлттэй байсан юм. “Орос дайсан болно гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй, тиймээс төслийг энэ л шалтгаанаар хэрэгжүүлж байгаа” гэж тэрээр хэлсэн байна.
Гитлерийн эсрэг эвслийн холбоотоны эсрэг чиглэсэн АНУ-ын энэ байр суурь дайны дараах хөгжлийг бараг урьдчилан тодорхойлсон юм. Америкчүүд Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаар дэлхийд цөмийн зэвсгээр хөөцөлдөх эхлэлийг тавьсан ажээ.
Хачирхалтай нь 62 жилийн тэртээ болсон энэ үйл явдлыг япончуудын зарим нь өөрөөр харах болсон байна. Японы ерөнхий сайд Синзо Абэ америкчууд атомын бөмбөг дэлбэлсэн тухайд “ойлгож” байгаагаа илэрхийлсэн тус улсын Батлан хамгаалахын сайд асан Фумио Кюмагийн өмнөөс уучлал хүсэхэд хүрчээ. Үүнээс болж сайд албан тушаалаасаа огцорсон тухай Япон судлаач Василий Михеев ярьж байна.
Хирошима болон Нагасакид хаясан бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах японы олон нийтийн байгууллага бөмбөгдөлтийн талаар японы нийгмийн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өөрчилсөн мэдэгдэл хийсэн Батлан хамгаалахын сайдад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний дараа тэрээр албан тушаалаасаа огцорчээ.
Япончуудын олонхи нь өнгөрснийг эргэн шүүх дургүй. Бөмбөгдөлтийн хор хохирол нь дэлхийд ноёлох хүсэл эрмэлзлэлтэй хэнд ч болов анхааруулга болох ёстой гэж тэд үзэж байна.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>