Хэлэлцээнд оролцсон Азийн орнууд руу явуулдаг нэвтрүүлгийн удирдагч Олег Яковлев манай нэвтрүүлгээр ярина.
«ОДХ» радиогийн орлогч дарга Эдуард Крусткалны тэргүүлсэн манай төлөөлөгчид манай радиогийн хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хагас жил гаруй хийсэн хэлэлцээг дуусгахаар Улаанбаатарт очсон юм. Сайтар бэлтгэсэн хэлэлцээр «ОДХ» радио, Монголын үндэсний олон нийтийн радиогийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд тус болох чухал баримт бичиг боллоо. «ОДХ» радиогийн нэвтрүүлгийг Монголын үндэсний өргөн нэвтрүүлгээр орон даяар дамжуулдаг билээ. Энэ нэвтрүүлгийг Ардын их хурлын депутат, сургуулийн хүүхдээс аваад Монголын ШУА-ийн эрдэмтэд хүртэл хүн амын бүх давхаргынхан сайн мэднэ. Манай сонсогчдын дотор Москвагийн нэвтрүүлгийг хэдэн арван жил сонсож байгаа сонсогч цөөнгуй.
«ОДХ» радиогийн нэвтрүүлэг Монголын үндэсний өргөн нэвтрүүлгээр урьдын адил нэвтэрч, Орос Улс, АНД-н бүс нутгийн орнуудад болж байгаа үйл явдлыг сонсогчдод мэдээлж, Орос, Монголын сайн хөршийн уламжлалт харилцааны тухай ярьж, оросын соёл, уран зохиолоос танилцуулж байх юм.
Монголын үндэсний олон нийтийн радиогийн орос хэлний нэвтрүүлгийн редакциас бэлтгэсэн нэвтрүүлгийг «ОДХ» радиогийн орос хэлний нэвтрүүлгээр дунд, богино долгионоор нэвтрүүлж байхаар тохирсон нь хэлэлцээрийн шинэ чухал заалт болов. Тийнхүү орчин үеийн Монгол Улс ямаршуу байгааг олон орны сонсогчид «Оросын дуу хоолой» радиогийн нэвтрүүлгээс мэдэж авна. Туршилтын нэвтрүүлэг 9-р сард эхэлж, 10-р сараас байнга явуулдаг болно.
Шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Монголын үндэсний радио, телевизийн ерөнхий захирал Наранбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Пурэвдаш, радио, телевизийн олон нийтийн зөвлөлийн гишүүд, Монголын хэвлэлийн төлөөлөгчид байсан нь энэ хэлэлцээр чухал болохыг гэрчилж байна. Энэ хэлэлцээр хоёр орны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн уран бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ чухал үе болов гэж Монголын радио, телевизээр нэвтрүүлсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай мэдээнд өгүүлжээ.
- Зочломтгой эзэд биднийг өнөөгийн Монголын амьдралтай танилцуулав. Миний хувьд энэ нь тун сонин байв, учир нь би сүүлчийн удаад Монголд 1989 онд очсон юм. Түүнээс өмнө 1968-1978 онд Монголд байсан. Монгол оронд гарсан өөрчлөлт 18 жилийн өмнө, тэр тусмаа бараг 40 жилийн өмнө миний үзсэнтэй харьцуулбал сэтгэл хөдөлгөм байна. УБ хот их өөрчлөгджээ. УБ хот сайхан гудамж, талбай, олон шинэ барилгатай орчин үеийн хот болсон байна. Монголын алдартай хүмүүсийн олон хөшөө босгож, шинэ музей нээж, эртний сүм, дуганыг сэргээжээ. УБ хотын гудамжинд янз бүрийн орны олон жуулчинтай таарч болно. Халх голд япончуудын эсрэг хамтран байлдаж, 1945 оны 8-р сард Манжуурын тулалдаан явуулсныг дурсаж, манай хоёр орны дайчдын дайчин нөхөрлөлд зориулсан хөшөө дурсгалыг Монголд хайрлан хамгаалж байдгийг мэдэхэд тун таатай байлаа. Монголд дурсан санаж, хүндэтгэдэг маршал Жуковын музейн оронд илуу том, сайхан барилга барьж байна.
Тэрэлж хэмээх амралтын бүсэд очсон нь сайхан сэтгэгдэл үлдээв. Энэ сайхан нутгийг би дөчин жилийн өмнө харснаа санаж байна. Тэндхийн байдал хэр өөр болсон бол, тэр эрт үед миний үзсэн өвөрмөц байдал хэвээр байгаа бол уу? гэж би бодож байсан. Бүх зүйл бараг хэвээр байгааг хараад их баярлав. Тэнд жуулчдад зориулж амралтын тохилог бүс байгуулжээ.Тэгэхдээ дархан цаазат нутгийг хойч үеийнхэнд үзэсгэлэнтэй хэвээр байлгахын тулд улсын хамгаалалтад авчээ.
- Монгол Улс миний амьдралд онцгой үүрэгтэй гэж Олег Яковлев ярьж байна. Азид миний анх очсон орон Монгол байсан. Би дорныг судлагч болохоор чухамхуу Монголд эцэслэн шийдсэн. Би дээд сургууль төгсөөд «ОДХ» радиод арав гаруй жил монгол хэлний нэвтрүүлэг бэлтгэж байсан. Энэ сайхан оронд очих бурийд сэтгэл хөдөлж, Монгол, Оросын сайн хөршийн харилцаа ямагт байна гэсэн итгэл төрдөг юм. Улаанбаатар хотод гарын үсэг зурсан хэлэлцээрийг боловсруулахад оролцсон маань ч энэ харилцааг бэхжүүлэх үйлсэд бага боловч хувь нэмэр болсон.
- Азийн орнууд руу явуулдаг радио нэвтрүүлгийн удирдагч Олег Яковлев саяхан Монголд очсон сэтгэгдлээ ярив, Төлөөлөгчдийн айлчлалын үед «ОДХ» радио компани, Монголын үндэсний олон нийтийн радиогийн хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>