Foto: http://barnaul-city.ruАлтайн хязгаарын дэд захирагч Борис Ларин тэргүүтэй Алтайн хязгаарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсаар аялаад буцаж ирэв. Алтайн хязгаарын гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид Монголын баруун нутгийн хоёр аймаг Баян-Өлгий, Ховд аймагт зочилжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович төлөөлөгчдийн тэргүүтэй  ярьж, айлчлалын зорилго, үр дүнгийн тухай ярихыг хүсэв. 

Борис Ларин хэлэхдээ: " Алтайн хязгаарын захиргаа Монголын баруун нутгийн хоёр аймаг Баян-Өлгий, Ховд аймгийн захиргаатай хэдэн жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Бид сая тэнд айлчлах үед хамтын ажиллагааны түвшинг үнэлэх талаар тодорхой ажил хийв. Хамтын ажиллагаа нэн амжилттай хэгжиж байна гэж бид үзэж байна. Гэхдээ бараа гүйлгээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бараа гүйлгээний хэмжээ одоо 17-хон сая доллар байгаа юм. Тэр тусмаа Монголоос бүтээгдэхүүн импортлох нь бүр бага байна. Энэ нь Монголоос мах оруулахыг Оросын Мал Эмнэлгийн Алба хориглосон, тодорхой тоо хэмжээ тогтоосонтой холбоотой. Гэтэл Бийскт байдаг мах комбинатьг урьд чухамхүү Монголоос авах махыг боловсруулах зорилгоор байгуулсан билээ. Энэ асуудлыг удахгүй улсын түвшинд шийднэ байх гэж найдаж байна.Бид Монголын баруун аймагуудад манай Алтайн хүнсний бараа, юуны өмнө гурил, будаа нийлүүлэхээ идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэв. Монголын үйлдвэрийн эзэд одоо Алтайн гурил үйлдвэрлэгчидтэй маш нягт хамтран ажиллаж байгаа юм. Гэхдээ баруун аймгуудад манай бүтээгдэхүүний эрэлт байнга нэмэгдэж байгаа учир Монголын үйлдвэрийн эзэдтэй шинээр холбоо тогтоох нь маш ирээдүйтэй юм. Бид бас Монголын баруун нутагт Бийск, Барнаулаас нефтийн бүтээгдэхүүн, уурын тогоо нийлүүлэх асуудлыг шийдсэн. Монголын тал манай нутгаас өтгөрүүлсэн хий нийлүүлэх санал тавьсан. Энэ нь санамсаргүй хэрэг биш ээ. Одоо Монгол Улсад хүн ардыг өтгөрүүлсэн хийгээр хангах улсын хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Энэ төрлийн түлш боловсруулах заводыг Бийскт барихаар саяхан шийдсэн нь хамтын ажиллагааны энэ чиглэлд сайхан төлөв нээж байна" гэжээ.

 Асуулт: Борис Владимирович оо, Алтайн хязгаарын төлөөлөгчид Орос, Монгол, Хятад, Казахийн хил хавийн нутаг багтдаг “Алтай бидний нийтийн орон гэр” олон улсын удирдах зөвлөлөөс зохион байгуулсан ажилд оролцсон. Энэ тухай ярина уу? 

Борис Ларин: "Бидний айлчлах үед “Алтай-Бидний нийтийн орон гэр” зохицуулах зөвлөлийн ивгээлд Ховд хотод оюутны олон улсын зуны 5-р сургууль хичээллэсэн. Энэ сургууль Оросын экологийн шагнал авсан. Сургуульд бүс нутгийн хамгийн ажиллагааны зургаан субъект Оросын  Алтайн хязгаар, Бүгд Найрамдах Алтай Улс, бас Монголын Ховд, Баян-Өлгий аймаг, Бүгд Найрамдах Казах Улсын Зүүн Казах муж, БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны төлөөлөгчид оролцсон. Сургууль маш өндөр түвшинд хичээллэсэн. Сургуульд оролцогчид Алтайн хязгаартай хил нийлдэг нутагт аялал жуулчлал хөгжүүлэх төлөвтэй холбоо бүхий сонирхолтой илтгэл бэлтгэсэн. Сургуулийн хичээл хаахад манай төлөөлөгчид, бас Ховд аймгийн засаг дарга Нямдаваа оролцсон. Бүх хүүхдэд Ховд аймаг болон Алтайн хязгаарын захиргааны бэлэг гардуулсан. Түүнээс гадна манай төлөөлөгчид аялал жуулчлалын олон улсын шинэ замыг судалж байгаа “Алтай-Алтан уул” экспедицид оролцогчидтой уулзсан. Энэ зам Алтайн нурууг тойрч, дөрвөн орны хилийн нутгаар өнгөрч байгаа юм. Алтайн хязгаарын Белокурихээс долдугаар сарын 6-нд гараагаа авсан аяныхан Монгол орны байгал, соёл, түүхийн хосгүй дурсгалтай танилцав. Олон улсын энэ төсөл аялал жуулчлал, тээврийн дэд бүтцийг боловсронгуй болгох, орчин үеийн зам зохион байгуулах талаар дөрвөн орны аялал жуулчлалын операторуудыг хамтран ажилуулах, эцсийн бүлэгт аялал жуулчлалын шинэ зам-“Алтай-Алтан уул” хил дамнасан зам бий болгох зорилготой юм. Аяныхан Монголын дараа Хятад руу явсан. Алтайн Улсын Их Сургууль, Алтайн Техникийн Улсын Их Сургууль 9-р сарын эхээр Ховд хотод орос хэлний өдрүүд зохион явуулах санаачлага гаргасныг бид хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ өдрүүдийг Оросын ерөнхийлөгч Владимир Путины зарласан энэ жилийг Орос Улс болон дэлхийд орос хэлний жил болгон тэмдэглэх ажлын хүрээнд явуулах юм. Юуны өмнө Алтайн хязгаарын шилдэг хэл судлаачдыг оролцуулан Монголын орос хэлний багш нарт зориулсан семинар зохион явуулна. Хязгаарын зураач, фото зурагчдын үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Энэ ажилд Монголын баруун бүх аймгийн төлөөлөгчид оролцоно. Бид Монголоор аялсандаа сэтгэл ханамжтай байгаагаа онцлон тэмдэглэхийг хүсч байна. Биднийг газар сайгүй нэн баяртай хүлээж авсан. Бид үндэсний баяр наадамд оролцсондоо сэтгэл тун ханамжтай байна. Баруун аймгуудын удирдагчид, жирийн хүмүүс Орос орны талаар халуун дотно ярьж, бидний харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг сонсоход таатай байв. Сайхан хүлээж авсанд бүгдэд баярлалаа.

 

<сонсох>

 

0