Хоёр нутагтан цөөрч байгаа асуудал тэнд хэлэлцсэн нэг гол сэдэв болов. Манай сурвалжлагч ярихдаа:
- Хоёр нутагтан болон хэвлээр явагчид цаг ямагт ой, намгийн амьтны аймгийн хэсэг байсан төдийгүй, бур том хотуудад ч таардаг байв. Саяхан болтол Москвагийн цэцэрлэгт зугаалж явахад мэлхий гуаглахыг сонсож, эсвэл мөнгөлөг өнгөтэй гүрвэл модны голоор яаралгүй гүйж байхыг харж болох байв. Харин одоо энэ нь их ховорджээ. Москва төдийгүй, дэлхийн бусад том хотод нөхцөл байдал өнгөрсөн зууны сүүлийн хагасаас өөрчлөгдөж эхэлжээ. Сүүлийн 25 жилд мэлхий, гүрвэл, могой, хүйтэн цустай бусад амьтан мэдэгдэхуйц цөөрчээ. Энэ жилүүдэд биологич эрдэмтэд 122 төрлийн амьтан дэлхийгээс бүрмөсөн алга болсныг бүртгэжээ.
Хотууд түргэн хөгжиж, хүрээлэн буй орчин бохирдсон нь хоёр нутагтан цөөрч, яваандаа бүрмесен алга болоход хүргэв гэж Оросын байгалийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зэрлэг амьтны эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Евгений Кузнецов ярьж байна.
- Байгалд бүх зүйл холбоотой байдагт хэргийн учир оршино. Хоёр нутагтан нь хүрээлэн буй орчны чанарыг сайхан хэмжигч болдог. Одоо дэлхий дахинд хоёр нутагтан – олон төрлийн мэлхийний тоо цөөрч байна. Энэ үйл явц үргэлжилбэл энэ үзэгдэл ач холбогдлын хувьд дэлхийд үлэг гүрвэл алга болсонтой зуйрлэм зүйл болно.
- Хоёр нутагтанд усны бохирдол гойд нөлөөлдөг. Тэгээд ч одоо эрдэмтэд таван сарвуутай юмуу өөр гажилттай мэлхий илрүүлэх нь ердийн үзэгдэл болов. Бур усанд шинжилгээ хийлгүй, энэ шинж тэмдгээр л нуур цөөрөм юмуу гол мөрний ус тааруу байна гэсэн дүгнэлт хийж болно. Мэлхийний өвчин мэт эхлээд харагдахгүй ялигүй гэмээр тийм зүйл яагаад экологичдын хувьд чухал байна вэ? Учир нь бид бүгдээрээ нэг гаригт аж төрж буй. Аль нэг төрлийн амьтан аюулд учирсан бол энэ нь хүмүүст экологийн хувьд аюултайг мэдэгдэж байгаа хэрэг юм.
- Өнөөдөр хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоог зохиомлоор нэмэгдүүлэх шаардлагатай болсныг мэрэгжилтнүүд тэмдэглэж байна. Ингэхийн тулд бага хуралд оролцогчид хотын нуур цөөрөм, юуны өмнө цэцэрлэгийн цөөрөм, гол горхинд өвөрмөц нөөц нутаг байгуулахыг санал болгов. Тэнд хоёр нутагтан аюулгүй амьдрах нөхцөл бий болгох хэрэгтэй. Энэ цөөрөм нь их зардал гаргалгүйгээр мэлхий, гүрвэлийн хувьд сайхан байр болох төдийгүй, том хотын чимэг болох юм.

Орчуулагч П. Шагдар